Ж.Мөнхбат: Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэргээ хаацайлахын тулд Л.Гансүхтэй уулзсан

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төв аймгийн Урьдчилан хорих төвд саатуулагдаад буй ахлах зөвлөх Л.Гансүхтэйгээ хууль зөрчин байж уулзсан гэх мэдээллийг АТГ-аас өгсөн. Тэгвэл Ерөнхий сайд хууль зөрчин байж уулзсан нь АТГ-аас тогтоогоод буй 3.6 тэрбумын хэргийг хаацайлахын тулд яаран сандран очиж уулзсан үйлдэл болсон гэж МАН-аас мэдээллээ. Ингээд энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай уулзаж ярилцлаа.

-Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Л.Гансүхтэй уулзсан асуудалд МАН-ынхан ямар байр суурьтай байна вэ?

-2014 оны долдугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн цагдан хорих байранд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар хууль зөрчиж Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхтэй уулзсан. АТГ-ын мөрдөн байцаагч, комиссар Н.Золжаргалын гаргасан шийдвэрийг үл хүндэтгээд Монгол Улсын Ерөнхий сайд нь өөр яваад оччихсон.

Очихдоо хууль зөрчиж очсон гэдгийг АТГ албан ёсоор мэдэгдсэн. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хуулийг хэрэгжүүлэх үүргийг Монгол Улсын Үндсэн болон бусад хуулиудаар Монгол Улсын Засгийн газар, түүнийг тэргүүлж байгаа Ерөнхий сайд хүлээдэг. Тэр утгаарааМонгол Улсад хууль хэрэгжүүлдэг биелүүлдэг хүн маань хуулиа хэрэгжүүлэхгүй, хууль зөрчсөн ноцтой үйлдэл болсныг МАН онцолж байна.

-Яг ямар заалтуудыг зөрчөөд байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайдтайгаа хууль зөрчин очсон энэ уулзалт бол хэд хэдэн хуулийн заалтыг зөрчиж байна. Тухайлбал, Хууль зүйн сайдын 2013 оны 4 сарын 3-ний өдрийн А 75 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 12,1 дүгээр зүйлийг зөрчиж байгаа юм. Журам гаргасан Хууль зүйн сайд нь өөрийнхөө гаргасан журмын зөрчөөд очсон үйлдэл Монгол Улсад анх удаагаа тохиолдож байна.

Мөн хэрэг бүртгэл, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэдэг хэрэг буюу эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 245.2 дугаар заалтыг зөрчсөн. Энэ байдлаар Ерөнхий сайдаас албан ёсоор тайлбар авна гэдгийг АТГ-аас албан ёсоор мэдэгдсэн. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэсэн зүйл заалттай. Үүнийг зөрчвөл 3 жил хүртэлх хорих хуультай. Ийм зүйлийг Монгол Улсын ерөнхий сайд, Хууль зүйн сайдтайгаа хийчихсэн.

-Та нарын зүгээс яг юуг онцолмоор байна?

-МАН өнөөдөр УИХ-д цөөнх болсон. Цөөнхийн үүрэг гүйцэтгэж байгаа нам. Дэлхийн аль ч орон цөөнхийн үүрэг гэдэг хууль бус үйл ажиллагааг газар дээр нь таслан зогсоох үүрэг хүлээдэг. Үүнийг нь хэлэх шүүмжлэх эрх байдаг. Тэр утгаараа энэ үйл ажиллагааг бид бүхэн буруутгаж байна. АТГ-ын мэдэгдсэнээр мөрдөн байцаалтын шатанд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, УИХ-ын зөвлөхөөр ажиллаж байсан Тулга, Ерөнхий сайдын охин А.Саранзаяа нар нийлж компани байгуулж “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн гэж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 1 тонныг нь 27 мянга 500 төгрөгөөр аваад 80000 төгрөгөөр борлуулсан гэж байгаа. Зөрүүг нь тооцохоор 52500 төгрөг болж байгаа. Нийтдээ 279000 мянган тонн нүүрс борлуулсан. Тонн тутмаас нь 52500 төгрөг ашиг болгосон гэхээр нийтдээ 14 тэрбум 647 сая 500 мянган төгрөгийг “Нүүрс” хөтөлбөрөөс олсон байх магадлалтай гэсэн тооцоо гарч байгаа. Хэдийгээр ийм хэмжээний ашиг олох магадлалтай боловч ашиггүй ажилласан гэж Жижиг дунд үйлдвэрийн тусгай сангаас 1.5 тэрбум, 800 сая төгрөг зэргийг авсан.

-“Нүүрс” хөтөлбөрийн эргэн тойронд Ерөнхий сайдын хамаатан саднууд байсан гэх юм?

-Угтаа бол “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь маш том ашиг сонирхолтой байгаа. Хэрэгжүүлж байгаа компанид нь Ерөнхий сайдын төрсөн охин, ахлах зөвлөхийнх нь эхнэрийнх нь дүү нь явж байдаг ийм нөхцөл байдал нь өнөөдөр Монгол Улсад төрийн ажил гэр бүлийн шинжтэй болсныг харуулж байна. Цаашлаад гэмт хэргийн шинжтэй үйлдэл рүү ч орчихжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дээрх үйлдэл Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т заасан заалтыг зөрчиж байгаа. Мөн ҮХ-ийн 41.1 дүгээр зүйлд заасан “Ерөнхий сайд Засгийн газрын удирдаж төрийн хууль мэдүүлэх ажлыг УИХ-ын өмнө бүрэн хариуцна” гэсэн заалтыг зөрчсөн. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 21.2 дүгээр зүйл заалтыг алдагдагдуулсан байгаа. Дээр нь Эрүүгийн хуулийн 245.2 дугаар зүйл заалтыг зөрчсөн үйлдлүүдийг хийжээ.

Ерөнхий сайд Хууль зүйн сайдаа дагуулан хууль зөрчин, яаран сандран очсон энэ үйлдэл өөрийнхөө зөвлөхийг намын гишүүний зүгээс эргэж очсон үйлдэл биш юм байна. Энэ бол дээрх үйлдэгдсэн хэргээ хаацайлж, үгсэн тохирох зорилго гэж бид бүхэн дүгнэж байна.

Үндсэн хууль болон бусад хуулийг гардан хэрэгжүүлэх үүрэгтэй Монгол Улсын ерөнхий сайд, Хууль зүйн сайдын энэ үйлдэл ардчиллын амин сүнс болсон хууль шүүхийн өмнө бүгд адил тэгш үүрэгтэй байна гэсэн зарчмыг уландаа гишгэж байна.

Өөрөөр хэлбэл, АН-ын дарга Н.Алтанхуягийн удирдсан шинэчлэлийн гэх тодотголтой энэ засгийн газрын үед Монгол Улсад ямар ч хууль дүрэм үйлчлэхгүй дураарай дургидаг байдал бий болж хуулийн засаглал устсан гэж албан ёсоор дүгнэж байна. Ардчилсан нийгмийн амин сүнс хууль дээдлэх зарчим байдаг. Цаашдаа Монгол Улсад ямар нэг хууль биелүүлэх тухай иргэдээсээ шаардах эрх Засгийн газарт байхгүй болсон. Хууль зүйн яаманд ч байхгүй болсон.

Төр нь өөрөө хуулиа зөрчсөн байж иргэдээсээ хууль биелүүлэх шаардах эрхгүй юм.

-УИХ-ын дарга З.Энхболдод хүргэж байгаа мэдэгдлийнхээ товч агуулгаас дурдахгүй юу?

-Төрийн хуулийг сахин биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцах ёстой Ерөнхий сайд, Хуульзүйн сайд хоёрт УИХ-ын ээлжит бус чуулган зохион байгуулж хууль зөрчсөн энэ үйлдлүүд дээр нь улс төрийн хариуцлага тооцохыг УИХ-ын дарга З.Энхболдод албан ёсоор мэдэгдэж байгаа юм. Өнөөдөр бид бүхэнд хариуцлага байх ёстой. Хариуцлага зөвхөн жирийн ард иргэдэд үйлчилдэг эсвэл албан тушаалтнуудад үйлчилдэггүй байдлаар байх ёсгүй.

Хуулийн өмнө тэгш байх ёстой. Хариуцлага алдсан, хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Цаашдаа улс төрчдийн ёсзүйн асуудал их хурцаар тавигдана. Зөвхөн хуулийн хариуцлагаас гадна ёсзүйн асуудлыг энд хөндөхөөр өөр аргагүй. Бусад улс оронд иймэрхүү үйлдэл хийгдсэн нөхцөлд ёсзүйн хариуцлагаа хүлээж өөрсдөө огцордог жишигтэй. Үүнийгзаавал “бүдэрсэн дээр нь түлх” гэдэг зарчмаар ярьж байгаа юм биш.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ