Баянгол дүүрэгт зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгалаа

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан обьектыг өнөөдөр албадан буулгалаа.

Тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, ерөнхий боловсролын 40 дүгээр дунд сургуулийн хашаанд үйл ажиллагаа явуулж байсан “Нью Капитал” ХХК-ийн “Champion” билльярд, теннисийн төв 2009 оноос дүүргийн Засаг даргын түр зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Ингэхдээ ямар нэгэн бүтээн байгуулалт хийгдэх тохиолдолд газрыг саадгүй чөлөөлнө гэсэн албан бичгийг хүргүүлсэн байна.

Ингээд нийслэлийн Засаг даргын 2011 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаар захирамж гарч 2350 кв/м талбайд спорт цогцолбор барихаар болжээ.

Үүний дагуу “Нью Капитал” ХХК-ийг газар чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг Баянгол дүүргээс удаа дараа хүргүүлсэн чүл тоон өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж иржээ.

Тиймээс Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар ийнхүү албадан газар чөлөөлүүлсэн байна.

Албадан газар чөлөөлөх ажилд шаардлагатай 10 сая төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөцөөс гаргасан хэмээн албаны хүн хэллээ.

Үүний дараа газар албадан чөлөөлөх үйл ажиллагааны зардлыг хариуцагч буюу “Нью Капитал” ХХК-иас гаргуулах юм байна.

Д.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ