Технологийн салбарын хамгийн “үнэтэй” бүтээгдэхүүнүүд

Та бүхэндээ дэлхийн хамгийн “үнэтэй” гэгддэг технологийн шилдэг бүтээгдэхүүнүүдээс түүвэрлэн сонирхуулах тус салбарын ээлжит нэгэн мэдээллээ хүргэж байна. 10. “Diamond Flower” хулгана / $25.700
“Pat Says Now” компаниас гаргасан цагаан алтан энэхүү хулгана нь дэлхий дээрх хамгийн үнэтэй хулгануудын нэгт тооцогддог бөгөөд 18 каратын цагаан алт болон 59 алмааз эрдэнээр чимэглэжээ. Түүнчлэн хулгана дээрээ өөрийн нэрийг алмааз эрдэнээр шигтгэн худалдаж авах боломжтой бөгөөд гурван жилийн баталгааг өгдөг юм байна. 9. “Magic Mushrooms” флэш / $16.500 - $36.900
Шведийн гоёл чимэглэлийн “La Mansion Shawish” компанийг тансаг зэрэглэлийн төрөл бүрийн бүтээгдэхүүн урладгаар нь дэлхий дахинаа мэдэх билээ. Энгийн нэг флэшийг эрдэнийн чулуугаар шигтгэн урлаж дэлхийд хосгүй бүтээл болгосон тэдний эл USB флэш нь эрдэнийн ямар чулуугаар чимэглэснээс хамаарч харилцан адилгүй үнэтэй бөгөөд дэлхий дээрх хамгийн үнэтэй “флэш” юм. 8. “Apple MacBook Air (Supreme Platinum Edition)” / $485.000
Дэлхийн хамгийн үнэтэй гэх технологийн сор бүтээлүүдийг урладаг Их Британий дизайнер Стюарт Хьюсийн загварчилсан энэхүү “Apple MacBook Air” нь цэвэр цагаан алтаар урласан дэлхийн хамгийн үнэтэй нөүтбүүк юм. Ердөө 5 ширхэг хийгдэх эл нөүтбүүкэнд 7 кг цагаан алт орсон байна. 7. “Beats by Dr. Dre” чихэвч / $1 сая
“Beats by Dr. Dre” болон гоёл чимэглэлийн “Graff Diamonds” компаний хамтран гаргасан эл чихэвч нь эрдэнийн үнэт чулуугаар урласан дэлхий дээрх хамгийн үнэтэй технологиудын нэг юм. Энэ нь “Super Bowl” тэмцээнд зориулагдсан чихэвч бөгөөд 114 каратын алмааз эрдэнээр урласан дуугаралтын гайхамшгийг мэдрүүлэх шилдэг бүтээл юм. Шилдэг гэдгийг батлах бас нэгэн онцлог нь чихийг хөлрөхөөс хамгаалсан агаар нэвтрүүлдэг чанартай материалаар хийсэн явдал юм. 6. “The Supreme Rose” зурагт / $2.3 сая
Дэлхий дээр ердөө гурван ширхэг үйлдвэрлэгдсэн “PrestigeHD Supreme Rose” зурагт нь 55 инч бөгөөд Их Британий гоёл чимэглэлийн мастер Стюарт Хьюсийн удаах нэгэн алдарт бүтээгдэхүүн болжээ. Зурагтын хүрээ нь л гэхэд 28 кг алт бөгөөд матрын арьс болон бусад эрдэнийн чулуугаар урлажээ. 5. “Organic Harmony” спикер / $6.95 сая
“Shape Audio” компаниас маш цөөн тоогоор гаргасан энэхүү спикер нь дуугаралтын маш чанартай технологиор бүтээгдсэн дэлхийн хамгийн үнэтэй хөгжим дуугаралтын хэрэгсэл юм. Энэ нь алт, мөнгө ба хүрэл гэсэн гурван төрлийн сонголттой ба мөнгө нь $416.000, хүрэл нь $87.400 бол хамгийн үнэтэй нь 18 каратын алтан загвар нь “$6.95” сая долларын ханштай ажээ. 4. Алмааз эрдэнийн шигтгээ бүхий “iPhone IV” / $8 сая
Одоогийн байдлаар дэлхийн хамгийн үнэтэй гар утсаар нэрлэгдээд байгаа эл бүтээлийг дээр дурьдсанчлан Их Британий уран бүтээлч Стюарт Хьюс хийсэн бөгөөд 100 каратын 500 алмааз эрдэнээр чимжээ. Гэрийг нь боржин чулуугаар, “Apple”-ийн логог 53 алмааз эрдэнээр хийсэн эл гар утсыг нэрээ нууцалсан Австралийн саятан захиалж хийлгэсэн ба ердөө хоёрхон хувь хийгджээ. 3. “T-Rex” динозаврын яс бүхий “iPad II” / $8.1 сая
Их Британий гоёл чимэглэлийн мастер Стюарт Хьюсийн бүтээсэн “iPad II” загварыг 24 каратын 2 кг алт болон 750 гр байгалийн үнэт “амолит” эрдэнийн чулуугаар чимэглэхийн зэрэгцээ “T-Rex” динозаврын 57 гр орчим ясыг нэмж өгснөөрөө дэлхий дээрх цор ганц хамгийн “үнэтэй” эд болж байгаа юм байна. Харин “Apple”-ийн логог урлахад 53 алмааз эрдэнэ орсон байна. 2. Лэптоп кэйс “Diamond Laptop Sleeve” / $11 сая
Алмааз эрдэнийн шигтгээгээр урласан нөүтбүүкний энэхүү кэйсийг Недерландын “CoverBee” компани урласан бөгөөд дэлхийд нэн ховорт тооцогддог 8800 ширхэг “алмааз” эрдэнээр чимжээ. Түүнчлэн байгалийн жамаараа хорвоог орхисон хар булганы арьсыг шигтгэж өгсөн нь амьтны эрхийг хамгаалах байгууллагуудаас өндөр үнэлгээг аваад байгаа юм. Энэ нь таны нөүтбүүкийг дулаахан байлгаж элдэв гэмтлээс хамгаалах бөгөөд дэлхийд хосгүй энэхүү кэйсийг хийхэд 2 жил хэрэгтэй ажээ. 1. Бугуйн “Jaeger LeCoultre Joaillerie 101 Manchette” цаг / $26+ сая
Швейцарийн тансаг зэрэглэлийн бугуйн цагны брэнд компаний бугуйн цагны эл загвар нь үнэлж баршгүй туйлын үнэт бүтээл юм. Бугуйвч хэлбэрээр хийгдсэн энэхүү цагийг Английн Элизабет II хатан хаанд зориулан бүтээсэн бөгөөд 18 каратын цагаан алт болон 576 алмааз эрдэнийн шигтгээгээр чимэглэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ