Алдартай кинонуудад өгөх гэж байсан “жинхэнэ” нэрс
Эдгээрийн зарим нь зохиолынхоо эхийг бусдад алдахгүй хэмээн “хаширлаж” өгсөн түр зуурын нэрс байх бол зарим нь тухайлсан кинонд угаасаа өгөх гэж байсан “анхны нэршил” ч байх ажээ.
“Planet Ice → Titanic” (1997)
Домогт “Титаник” хөлгийн тухай дэлгэцийн шилдэг бүтээлийг нэрт найруулагч Жэймс Камерон анхандаа “Planet Ice” нэртэйгээр гаргах гэж байсан гэдэг. Энэ нь “Титаник” хөлөг онгоцтой холбоотой ижил сэдэв бүхий уран бүтээлийг өөрөөс нь өрсөж хэн нэгэн гаргачихаас урьтаж хашир сэтгэсэн найруулагч Камероны санаа байсан юм.
“Rory’s First Kiss → The Dark Knight” (2008)
“Харанхуйн хөлөг баатар” киноны эхний зураг авалт нь 2007 онд Чикаго хотод явагдаж эхэлсэн ба кино шүүмжлэгч, үзэгч болон сэтгүүлчдээс ангид байх зорилгоор анхандаа “Rory’s First Kiss” нэрээр халхалж байжээ. Найруулагч Кристофер Ноланы энэхүү төсөл нь Бэтмений үнэнч шүтэн бишрэгчдийг хуурч хараахан чадаагүй бөгөөд Чикаго дахь зураг авалтын үеэр нэгэн сэтгүүлч “Rory’s First Kiss” бол алдарт Бэтмен цувралын удаах анги болохыг мэдсэн гэдэг. “IMDB.com” сайтаас авсан киноны гол дүрийн жүжигчдийн тухай мэдээллээс энэ бүхэн бүр ч тодорхой болж хэвлэлээр шуугиж эхэлсэн байна. Найруулагч Кристофер Нолан “Batman Begins” киног “The Intimidation Game” харин “The Dark Knight Rises” киног “Magnus Rex” зэрэг хуурамч нэрээр гаргах гэж байсан ажээ.
“Incident on 57th Street → Harry Potter & the Chamber of Secrets” (2002)
Уран зөгнөлт жанрын дэлгэцийн шилдэг бүтээл Харри Поттерийн дүрээрээ алдаршсан жүжигчин Даниэл Рэдклифийн унших хамгийн дуртай цуврал болох “Harry Potter & the Chamber of Secrets” кино нь анхандаа “Incident on 57th Street” нэрээр гарах гэж байгаа мэтээр сурталчилгаа болон мэдээллээ цацаж байжээ. Энэ нэр нь Америкийн дуучин Брюс Спринстийний бие даасан №2 дахь цомогт орж байсан 1973 оны алдартай уран бүтээлийн нэр юм байна.
“Everybody Comes to Rick’s → Casablanca” (1942)
Романтик драма жанрын “Casablanca” кино нь “Everybody Comes to Rick’s” жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд кино болгох эрхийг “Warner Bros.”-ийнхон $20.000 ам.долларын үнээр худалдан авч байжээ. Ийнхүү “Everybody Comes to Rick’s” нэртэй жүжгээс бүтсэн дэлгэцийн гайхалтай бүтээлийг үзэгчдийн хүртээл болгох тухайн үед нэрийг нь “Casablanca” болгож өөрчилсөн байна.
“$3000 → Pretty Woman” (1990)
“Хөөрхөн хүүхэн” киног анх “$3000” гэсэн нэртэйгээр үзэгчдийн хүртээл болгох гэж байсан бөгөөд энэ бол Жулия Робертсийн бүтээсэн биеэ үнэлэгч Вивианы нэг шөнийн тариф байсан юм. Студийнхэн багагүй судалгаа явуулсны эцэст нэрийг найруулагч Гэрри Маршалын санаачилгаар нэрийг өөрчилж “Хөөрхөн хүүхэн” болгожээ. Тэрээр киноныхоо нэрийг авч болохуйц цөөнгүй дууны нэрийг уншиж бас сонссоны эцэст энэ нэрийг сонгосон гэдэг.
“Changing Seasons → The Lord of the Rings: The Fellowship of the Ring” (2001)
1998 оноос найруулагч Петер Жэксон Жэй. Ар. Ар. Талкины “Бөгжний эзэн” зохиолыг шимтэн уншиж энэхүү зохиолоос сэдэвлэсэн шилдэг кино бүтээх санаагаа олж байсан бөгөөд Шинэ Зеландын кино багийнхантайгаа хамтарч хоёр жил гаруй хөдөлмөрлөсний дүнд 2001 онд анхных нь ангийг гаргаж байсан билээ. Кино театруудад “Changing Seasons” нэртэйгээр нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болгох гэж байсан энэ киног хожим “The Lord of the Rings: The Fellowship of the Ring” болгож өөрчилсөн байна.
“Group Hug → The Avengers” (2012)
“Marvel Studios”-ийнхан дэлгэцийн аливаа бүтээл бүртээ өөр өөрийн гэсэн өвөрмөц нэршлийг буюу нууц кодчилолыг өгдөг уламжлалтай бөгөөд “The Avengers” киног бүтээхдээ “Group Hug” нэрийг ашиглажээ. Найруулагч Жосс Ведон “Elle” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Group Hug” нэр нь дэлгэцийн эл бүтээлд үнэхээр гайхалтай зохицсон нэр байсан төдийгүй киноны үйл явдал, зураг авалтын аль ч үед зангидсан гар мэт “Group Hug” болж чадсан гэж дүгнэжээ.
“Teenage Sex Comedy That Can Be Made For Under $10 Million That Your Reader Will Love But The Executive Will Hate" → American Pie” (1999)
Кино зохиолыг бичсэн Адам Хэрц энэхүү киногоо анх ийм нэгэн хачирхалтай урт нэртэйгээр гаргах гэж байжээ. Хэд хэдэн удаа буюу “East Great Falls High”, “Great Falls”, “Comfort Food” зэргээр өөрчилсний дүнд одоогийн “American Pie” нэрийг өгсөн байна. Энэ нэрээр өөр нэгэн дэлгэцийн бүтээл гарах гэж байсан ба багагүй мэтгэлцэж шүүхдэсний эцэст адал явдал, адармаат паянгийн охь болсон “Aмерик бялуу” кино мэндэлжээ.
“Tonight, He Comes → Hancock” (2008)
Супер баатар Жон Хэнкокийн адал явдлыг өгүүлэх “Hancock” кино зохиолыг 1996 онд бичиж байсан бөгөөд дэлгэцийн бүтээл болгох явц 2007 оноос эхэлж байжээ. Анхандаа “Tonight, He Comes” гэсэн нэртэйгээр үзэгчдийн хүртээл болгох гэж байсан ч “John Hancock” болгож өөрчилсөн юм байна. Гэвч “Sony Pictures”-ээс нэр нь илэрхийлэх санаа хомс, үзэгчдэд тодорхой биш гэсэн шалтгаанаар эцсийн бүлэгт зүгээр л “Hancock” нэрээр нээлтээ хийсэн нь энэ ажээ.
“Star Beast → Alien” (1979)
Шинжлэх ухаан, танин мэдэхүй болон аймшгийн төрөл жанрыг хослуулан бүтээсэн энэхүү кино зохиол дээр Дэн Өү‘Бэннон ба Роналд Шүсет нар эртнээс хамтран ажиллаж байжээ. Кино ертөнцийн түүхэн дэх гайхалтай амжилт гаргасан кинондоо “Харийнхан” гарчгийг өгөхөөс өмнө тэд “Star Beast” гэж нэрийдсэн байсан ба хожим “Xenomorph” ч гэж нэрлэж үзжээ. Сүүлд зохиолч Бэннонд эдгээр нэр таалагдаагүй тул зүгээр л “Харийнхан” болгож өөрчилсөн юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ