Залуучууд байгаль экологио цэвэрлэх аянд мордлоо

Саяхан МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клубын залуучууд хамтдаа нэгдэн Туул голын эргийн дагуух хогыг цэвэрлэсэн мэдээг бид хүргэж байсан. Тэгвэл өнөөдөр өглөө мөн тус холбооны залуус “Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв”, Өвөрхангай аймгийн “Дэлхийн өв-Орхон голын нүүдэлчид” аялал жуулчлалын холбоотой хамтран зохион байгуулж буй Орхоны хөндийн аялал жуулчлалын бүсийн хуурай хог хаягдлыг цэвэрлэх аялалд гарлаа. Энэхүү аянд нийтдээ 90 гаруй залуу нэгдсэн бөгөөд тэд энэ сарын 10-14-ны хооронд ногоон бүсэд аялж жуулчилж амрахын зэрэгцээ, гадаад дотоодын жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй бүс нутгууд болох Элсэн тасархай, Үүртийн тохой, Орхоны хүрхрээ, Төвхөн хийдийн орчмын хог хаягдлыг цэвэрлэж, байгаль экологийн цэвэр орчин бий болгох юм байна. Залуучууд сүүлийн үед өөрсдөө санаачлан гар бие оролцож байгаль экологио хайрлан хамгаалах, хог цэвэрлэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулдаг болсон нь сайшаалтай. Энэ ажлыг түүчээлэн залуучуудын төв байгууллага болох МЗХ санаачлан зохион байгуулж байгаа нь залуучууд санал бодол, дуу хоолойгоо нэгтгэвэл хог цэвэрлэх ажлыг ч урамтай хийж болдгийг харуулж байгаа юм. Дашрамд дурдахад, энэхүү хог цэвэрлэгээний аяныг зохион байгуулахад Байгаль орчин ногоон хөгжлийн яамны дэргэдэх Байгаль орчныг хамгаалах сан дэмжиж, шатахууны өртгөөр хангажээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ