“Гудамж” төслийн Д.Батболдыг 93 тэрбумын эрүүгийн хэрэгт татлаа

Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа “Гудамж” төслийн дарга Д.Батболдыг тодорхой хэрэгт сэжиглэж АТГ-аас албан өрөөнд нь очиж мэдүүлэг авсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Харин Д.Батболд “Намайг шалгаж, байцаасан, сэжигтнээр татсан зүйл байхгүй” гэж мэдэгдэж байсан.
Тэгвэл АТГ-ын мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат түүнийг эрүүгийн хэрэгт сэжигтнээр татсан гэдгийг албан ёсоор баталгаажууллаа.
Тодруулбал Д.Батболдыг “Самурай” бондын хөрөнгөөс 50 орчим сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 93 орчим тэрбум төгрөгийг зориулалтын бусаар шилжүүлсэн нь хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэдэг үндэсллээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм байна.
Мөн “Гудамж” төсөлд зориулагдсан хөрөнгө буюу Засгийн газрын үнэт цаас худалдаж төвлөрүүлсэн мөнгөөр төсвийн урсгал зардал санхүүжүүлэхгүй байх ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан. Гэтэл энэхүү зөвлөмжийг зөрчиж урсгал зардал их хэмжээний мөнгө зарцуулсан байна.
Мөн төслийн нэгжийн өмч хөрөнгөөс 470 сая төгрөгөөр автомашин, тоног төхөөрөмж худалдаж авсан нь хууль тогтоомжид нийцэхгүй байна гэх зэрэг үндэсллээр түүнийг шалгаж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ