МАХН-ын дарга Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг удахгүй нутагтаа ирнэ хэмээн өнгөрсөн сараас мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тэгвэл одоог хэр нь экс ерөнхийлөгчийн эргэн ирээгүй шалтгааныг хууль хүчний байгууллагуудаас түүнд дахин эрүүгийн хэрэг үүсгэсэнтэй холбоотой хэмээн хэвлэлүүд тайлбарлаж байсан билээ.

Энэ тухай ЦЕГ-ын эх сурвалжаас тодруулахад МАХН-ын дарга Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн нь үнэн хэмээн нотоллоо. Түүнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн хүмүүст хамааруулдаг бөгөөд түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр нь 2011 онд "Империал Гоулд” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Гэндэнгийн гудамжинд орших 900 метр квадрат талбай бүхий /одоогийн МАХН-ын байрлаж байгаа/ 2 давхар байрыг эзэмшил газрынх нь хамт 1,5 сая доллараар худалдан авахаар тохиролцон улмаар өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн нэр дээр бүртгэлтэй “Эскон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэнгэлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулуулж, гэрээнд тухайн байрыг худалдан авах үнийг 500,000 доллар гэж тусган үлдэгдэл 1 сая доллараа өнөөдрийг хүртэл төлөлгүй АНУ-ын иргэн “Г”-д онц их хэмжээний хохирол учруулжээ.

Мөн 2008 онд Н.Энхбаяр нь иргэн “Б”-гээс Хуяг гэгч этгээдээр дамжуулан “Хар дун” ХХК-ийн санхүүжилт болон барилгын засварын ажилд ашиглана гэж зээлийн гэрээ үйлдүүлэн 1,2 тэрбум төгрөгийг тус тус залилан авсан байна. Дээрх үндэслэлүүдээр Н.Энхбаяр, Д.Цэнгэл, Н.Энхтуяа, Б.Хуяг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн гэнэ.

Өөр эх сурвалжаас авсан мэдээллээр казино байгуулах нэрээр израилчуудаас авсан 1.5 сая ам.долларын хэрэг буюу Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн нэр дээр шилжсэн барилгын асуудал нь энэ бололтой. Дээрх 1.5 сая ам.долларын саяыг нь Н.Энхбаярын хүмүүс эргүүлэн төлөөгүй байсан бөгөөд гадаад хамтрагчид өдийг хүртэл мөнгөө эргүүлэн авч чадаагүй тул хууль хяналтын байгууллагад хандсан бололтой.

Харин хэрэгт хамаарах ах дүү хоёр хоёул гадаадад байгаа нь, нэг нь бүр олдохгүй байгаа нь хэргийг түр хугацаанд түдгэлзүүлэх шалтгаан болоод байсан юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ