Цэцэрлэг фестиваль зохион байгуулагдана

Архангай аймгийн Малчдын холбоо ТББ, Архангай аймгийн ЗДТГ, Английн “Тэнгри” компани, РокКорпс хамтран энэ сарын 16-нд “Цэцэрлэг” фестивалыг анх удаа зохион байгуулах гэж байна.

Уг фестивалыг санаачлагч нь “Тэнгри” компанийг (www.tengri.co.uk) үүсгэн байгуулагч Нэнси Жонсон бөгөөд нийгмийн хариуцлагатай, байгальд ээлтэй бизнесийг дэмжигч нэгэн юм. “Тэнгри” загварын хувцаснуудыг Английн нэртэй зохион бүтээгчид урлахдаа Монголын 100% сарлагийн хөөврөн утсаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.

Архангай аймгийн малчдын холбоо ТББ нь фестивалыг зохион байгуулагч бөгөөд бэлчээрийг зохистой ашиглах, малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Цэцэрлэг фестиваль сарлагийн эх нутаг болсон Архангай аймгийн Эрдэнэмандал суманд зохион байгуулагдах бөгөөд уг фестиваль сарлагийн тоо толгойг өсгөх, сарлагтай малчдын амьжиргааг дээшлүүлэх, орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Фестивалын хүрээнд сарлагийн парад, урлагийн тоглолт, орон нутгийн иргэдийн гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаас гадна сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний “Тэнгри” загварын шоу болох юм. Уг загварын шоуны хувцсыг Английн загвар зохион бүтээгч Карло Волфи (http://www.carlovolpi.co.uk) урласан ба загварын шоуг зохион байгуулах бүрэн хэмжээний баг Англи улсаас ажиллаж байна. Түүнчлэн загварын шоуны тайз нь Заяын гэгээний хийд буюу одоогийн орон нугийн музейн өмнөх задгай талбай, загвар өмсөгчид нь сарлагтай малчин айлын хүүхдүүд байх зэргээрээ тун онцлог юм.

Мөн энэ өдөр эх болсон унаган байгалиа хамгаалахад олон нийтийг уриалах зорилгоор сайн дурын 100 орчим залуучууд Тамирын голыг цэвэрлэх үйл ажиллагаанд нэгдэх бөгөөд уг фестивалыг дэмжигч Монголын дуучин Quiza- Б.Батцэнгэлийн концертыг дэлхийн нэртэй оддын концертыг зохион байгуулагч АнглийнРокКорпс (http://www.rockcorps.co.uk/)хамтран зохион байгуулах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ