Төв аймгийн Урьдчилан хорих төвийн дэд даргыг ажлаас нь чөлөөлжээ

{!!!right!!!}Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулагдсанаас хойш тус хорих төв ихээхэн асуудалд ороод байна. Л.Гансүхийг өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байгаа нь ШШГЕГ хууль зөрчиж байна гэж Л.Гансүхийн өмгөөлөгчид мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл Төв аймгийн Урьдчилан хорих төвийн дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Хорих ангийн дарга болон дэд дарга нарыг ажлаас нь халах, солих эрх ШШГЕГ-ын даргад байдаг байна. Энэ дагуу ШШГЕГ-ын дарга С.Баяндалай тушаал гаргаж Төв аймгийн Урьдчилан хорих төвийн дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Энэ талаар ШШГЕГ-аас тодруулсан ч мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Шаардлагатай бол албан ёсоор мэдээлэл хийж, ажлаас халсан сольсон асуудлаар байр сууриа илэрхийлнэ гэсэн юм. Харин Төв аймгийн урьдчилан хорих төвийн дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхтэй холбоотой байж болзошгүй гэж Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж үзэж байна.

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулагдаад буй Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байхыг албан бичгийг АТГ-аас ШШГЕГ-т хүргүүлсэн гэж өмгөөлөгч Ц.Баасандорж мэдэгдэж байна.

Үүнийгээ тэдний хооронд өмгөөлөл үзүүлэх гэрээ хийгдээгүй учир ийнхүү уулзуулахгүй байх даалгавар өгсөн гэж тайлбарласан гэж байна. Харин хуулиараа өмгөөллийн гэрээг АТГ-т шалгуулах шаардлагагүй. Үйлчлүүлэгчтэйгээ уулзах үедээ ШШГЕГ-т үзүүлээд уулздаг гэж өмгөөлөгч Баасандорж ярьж байна.

Гэтэл ШШГЕГ-аас АТГ-ын албан бичгийг үндэслэж Л.Гансүхийг өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байж байгаад харин өнгөрсөн мягмар гаригт Төв аймгийн хорих ангийн дарга Л.Гансүхийн өмгөөлөгч Баасандоржоос албан хаагчдаа буруу ажилласан гэж уучлалт гуйснаар Л.Гансүхтэй уулзуулсан гэж байна.

Тиймээс энэхүү асуудалтай холбогдуулан Төв аймгийн урьдчилан хорих төвийн дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ