“Гудамж” төслийн захирал Д.Батболд: АТГ-аас намайг сэжигтнээр татаагүй

“Гудамж” төслийн удирдлагуудыг АТГ-аас шалгаж байгаа талаараа мэдээлсэн. Тус төслийн захирал Д.Батболдыг 93 тэрбумын төгрөг завшсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдсан юм. Тэгвэл энэ асуудлаар “Гудамж” төслийн захирал Д.Батболд албан ёсоор тайлбар өглөө.

“Гудамж” төсөлд зориулагдсан хөрөнгө буюу Засгийн газрын үнэт цаас худалдаж төвлөрүүлсэн мөнгөөр төсвийн урсгал зардал санхүүжүүлэхгүй байх зөвлөмжийг ҮАБЗ-өөс гаргасан. Гэтэл энэхүү зөвлөмжийг зөрчиж урсгал зардалд их хэмжээний мөнгө зарцуулсан гэж төслийн удирдлагуудыг шалгаж байгаа талаар АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат мэдээлсэн. Мөн зарим сайтуудаар Д.Батболдыг Самурай бондын хөрөнгөнөөс 50 орчим сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 93 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар ашигласан гэж мэдээлсэн. Тэгвэл Самурай бонд “Гудамж төсөл”-д ямар ч хамааралгүй гэж тэрээр тайлбарласан юм.

"АТГ-аас намайг сэжигтнээр тооцсон гэж сайтуудаар цацагдсан ч АТГ-аас сэжигтнээр татсан асуудал байхгүй, мөн нэг ч удаа дуудаж байцаалт аваагүй гэж" тэрээр нэмж хэлсэн. Төслийнхөө хүрээнд нийт 200 сая долларыг зарцуулах эрхтэй. Гэхдээ энэхүү хөрөнгө нь Хөгжлийн банкны дансанд байдаг. Өөрөөр хэлбэл, “Гудамж” төслийн захирал Д.Батболдод мөнгө зарцуулах мэдэл байхгүй гэнэ.

АТГ-аас Гудамж төслийн удирдлагуудыг хамгийн гол нь 470 гаруй сая төгрөгөөр машин худалдан авсан хэргээр буруутган шалгаж байгаа. Үүнийг төслийн хүрээнд машин унаа зайлшгүй шаардлагатай учир дөрвөн машин авсан гэж Д.Батболд тайлбарлаж байна. Мөн гудамж төсөл өнөөдрийн байдлаар 48 ажилтантай. Ажилчдын ширээ сандал, цалин мөнгө багтаад 470 гаруй сая төгрөгийг зарцуулсан гэнэ. 200 сая долларын бүтээн байгуулалтын ажилд дөрвөн машин зайлшгүй хэрэгтэй байсан гэж захирал Д.Батболд онцолсон юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ