Хотын дарга нарын толгойд юу шүглээ вэ

Хотын дарга нар мэргэн төлөвлөгөө бодож олсноо иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулжээ. Тэдний ажигласанаар бол нийслэл хотын иргэд ихэнхдээ хийх ажилгүй хотын төвөөр машинтай нааш цааш сэлгүүцэж хүн бүрийн толгойны өвчин болоод байгаа түгжрэлийг үүсгэдэг аж.

Тэгэхээр тэрхүү хий дэмий сэлгүүцсэн болчимгүй иргэдээс болоод хийх ажилтай, дарга нарын машин түгжрэлд орж ажил төрөл, цаг хугацаагаа үрж байгаа тухай мэргэн гаргалгаа хийж эртний хаадын жишгээр мартахаасаа өмнө туслахуудаа дуудан дор нь "зарлиг" боловсруулж, хэлэлцүүлж байгаа нь энэ юм.

"Улаанбаатар хотын түгжрэлтэй бүсэд мөрдөх хөдөлгөөнт журам” нэртэй төсөлд дурдагдсанаар хотын төвөөр машинтай зорчсон иргэд сард 40-50 мянган төгрөг тушаах хэрэгтэй гэнэ. Өөрөөр хэлбэл Баруун дөрвөн замаас 13 дугаар хорооллын уулзвар, "Гэсэр” сүмээс Сансарын тунелийн баруун уулзвар, Ж.Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас урагш Энхтайваны өргөн чөлөөгөөр машинтай зорчсон иргэд төлбөр төлж, төлбөр төлөөгүй жолооч 07.00-22.00 цагийн хооронд дээрх замаар зорчихгүй болно.

Энэ журам мэдээж хэрэг тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон шуурхай ажлын болон дуудлагын, нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, хүүхдийн, ажилчдын болон жуулчны автобус, дипломат байгууллагын, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд хамаарахгүй гэжээ.

Мөнгө санхүүгийн хямрал ард иргэдийн амьдралд хүндээр тусаж, хэдэн цаас нь ховордсон энэ үед нь хураамжийн аргаар аливаа асуудлыг зохицуулахаар оролдоно гэдэг ядаж яваа ард түмнээ доромжилж, тохуурхсанаас өөрцгүй алхам гэхэд болно.

Үнэндээ ядарсан ардууд амьдралаа залгуулах гэж л шар нар бор хоногтойд гэртээ орж бусад цагт нь хотын түгжрэлд хайран цагаа алдаж яваа. Тиймээс тэднийг хэтэвчийг нь хэмжиж хотын төвөөр зорчуулахгүй болчихвол иргэдийн амьдралд нэрмээс болхоос өөрцгүй гэдгийг Э.Бат-Үүл даргын толгойд яагаад ч орохгүй байна гэдэг үнэхээр харамсмаар.

Харин ч түүнийхээр бол мөнгө багатай нь гэрээсээ гарч чадахгүй, аль эсхүл хотын захаар тойрч давхин шатахуун, цаг хоёроо барж явах хооронд мөнгөтэй эрхмүүд, дарга нар хотын төвөөр сэлүүхэн гудамжаар нааш цааш зугаацах бололтой.

Өмнө нь автомашинуудыг буруу зөв жолооны хүрдээр нь ангилж хөдөлгөөнд оролцуулах амьдралгүй журам сэтгэн олж бас л ийнхүү олны эрс эсэргүүцэлтэй тулгарч Ерөнхийлөгчийн эгдүүцлийг хүртэл хүргэж, загнуулж явсан толгой. Хашрахгүй л нөхөр юм даа.

Ирэх 13-ны өдөр энэ журмыг НИТХ-аар хэлэлцэж батлах эсэх нь тодорхой болно. Хэрэв батлагдвал нэг их удахгүй замын цагдаа та биднийг зогсоож "За амрыг эрье, та зорилготой явж байна уу, хий дэмий сэлгүүцэж байна уу" гэж асуухын сацуу хотын төвөөр зорчих сарын хураамжаа төлсөн эсэхийг шалгах нь. Арай удахгүй явган зорчигчдыг хүртэл зорилготой зорилгогүй сэлгүүцэж яваа эсэхээр нь ангилж эхлэх вий дээ.

Барууны олон саяар тоологдох оршин суугчтай, иргэдийнх нь орлого өндөртэй хотуудад congestion charge буюу түгжрэлийн төлбөр хураадаг жишиг байдаг.

Гэхдээ энэ нь Лондон мэтийн баян тансаг хотуудад л байхаас Улаанбаатар шиг амьдралаа арайхийн залгуулж явдаг иргэдтэй хотод огтоос ч тохирохгүй гэдэгтэй эрхэм уншигч авхай та санал нийлэх буй за.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ