Оройн хоолны үеэр өгсөн авлига

Хятадын төрийн өмчийн оролцоо бүхий харилцаа холбооны ZTE компанийн салбарын менежер Харилцаа холбооны газрын томоохон эрх мэдэл бүхий төрийн албан хаагчийг оройн хоолонд урьжээ. Тэрхүү албан хаагч урилгаас татгалзаж чадалгүйгээр орой нь зоог барьжээ.
Энэ үеэр ZTE-гийн менежер түүнд нэгэн бэлэг барьсан нь хайрцагтай шоколад байсан бөгөөд гэртээ очсоны дараа задлаж үзтэл дотроос нь ихээхэн хэмжээний доллар гарсан аж. Цочирдсон төрийн албан хаагч удаан бодсоны эцэст тэрхүү "амттан"-г Авилгатай тэмцэх газарт хүлээлгэн өгөв.
Энэ бол Ази тивдээ хамгийн их хэмжээгээр авлига хээл хахуулийн торонд идэгдсэн гэх Малайз улсад болсон явдал. Үүний дараа ZTE-гийн менежер нутаг буцсан ч Хятадын Авлигатай тэмцэх хорооны гараас мултраагүй аж.
Харин шударга төрийн албан хаагч ямар ч хэрэгт орооцолдсонгүй хэвлэлээр баатар болж, сайшаагдсан гэнэ. Их хэмжээний мөнгийг авчих шалтаг түүнд олон байсан. Гэсэн ч олон жилийн турш хээл хахуулийн эсрэг тэмцэж буй тус улсын авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагаа үр дүнгээ өгч буйн бяцхан жишээ гэж энэ явдлыг үздэг ажээ.
Вьетнамд Япон улсын тусламжийн төслөөр Ханой хотын төмөр замын 1-р шугамыг барих ажилд саад учирсан нь бас л авлигын асуудал. Вьетнамын төмөр замын удирдах ажилтнууд их хэмжээний мөнгө авлигаар авсан нь тодорхой болж Японы талаас энэ мөнгийг өгсөн эсэх тухай шуугиж эхэлжээ.
Японы засгийн газар уг асуудлыг онцгойлон авч үзэж авлигын хэрэгт холбогдсон байж болох бүх хүмүүсээ шалгахыг даалган улмаар улс үндэсний нэр хүндэд сэв суулгах аюултай хэмээн онцолж тусламжийн төслийг бүрмөсөн зогсоожээ.
Гадаад орнууд, ялангуяа манайтай ойр улсуудын төр засгууд авлигатайгаа хэрхэн тэмцэж буй хоёр жишээг дээрхээс харж болно. Урд хөршийн засгийн эрхэнд Си Жиньпин гарсны дараа авлигатай тэмцэх явдал гойд сайжирсныг олон улс дамнан шуугиулж буй томоохон хэргүүдийн мэдээллээс харж болно.
Тэгвэл манай улсад ч мөн сүүлийн жилүүдэд АТГ-ын үйл ажиллагаа өргөжиж олон дуулиант хэргийг шийдлээ. Ард түмний халааснаас цугласан мөнгийг хомхой сэтгэлээр албан тушаалаа ашиглан идэж уусаар бие сэтгэл нь хамтдаа өөхөлсөн олон албан хаагч, дарга нарт шийтгэл оноолоо.
Мэдээж хар гартай, мөртэй олон этгээдийг илчлэх тусам АТГ олон дайсантай болж тэднийг үзэн ядагчид ч олширсоор байх нь тодорхой. Гурилан хүнээр балин хийж АТГ-ын үүдэнд тавигсад ч нэмэгдсээр байх биз. Харамсалтай нь үүний зэрэгцээ АТГ-ыг мангас болсон, пост коммунист орнуудын До яам болж хувирсан тухай мэдээ, нийтлэл хэвлэлүүдээр цацагдах нь их болжээ.
АТГ-т шалгагдсан, дуудагдсан эрхмүүд нь өөрөө ихэвчлэн төрийн эрх мэдэл бүхий өмч хөрөнгөн дээр сууж байгаа, байсан хүмүүс. Тэд үнэхээр зарим нэг сэтгүүлчдийн бичээд байгаа шиг мөрөөрөө ажлаа хийж сууж байгаад дуудагдаж, мөрдөн байцаагчийн үүд сахиад байгаа болов уу даа.
Ээ дээ олонх уншигчид үгүй л гэх болов уу. Гэвч нөгөөтэйгүүр зарим хүмүүсийн яриад байгаа шиг аливаа улстөрийн нам хүчин, фракцын гар хөл болж асуудалд хандах вий гэсэн болгоомжлол илүүдэхгүй юм. Төрийн эрх баригч хүчин солигдоход өмнөх намын буруу булхай болгоныг уудлаж илчлэх нь улстөрийн жам. Тэр ч жам ёсоор манай улсад мөн адил хүчний байгууллагуудын нөлөөлөл улстөрд урд өмнөх жилүүдээс илүүтэй орж ирсэн ч АТГ-ыг онцгойлон үзэж мангас болсон мэтээр хардах нь тийм ч зөв зүйтэй биш мэт санагдана.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ