Найруулагч Б.Баатарын эмчилгээнд зориулж тоглолт хийнэ

УДЭТ-ын найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын хөлийн бэртэл хүндэрч, гадаадад эмчлэх шаардлагатай болсон тул театрынх нь хамт олны зүгээс эмчилгээний зардалд нь нэмэр болохоор хандивын тоглолт хийх болжээ. Эл тоглолт энэ сарын 15-нд 19:00 цагт “УБ Палас”-ын концертын их танхимд ганцхан удаа болох юм. Тэрбээр 1985 онд найруулагч Б.Мөнхдоржтай хамтран “Гургалдайн дуут шөнө” жүжгээ тайзнаа амилуулсан бөгөөд тэр жилдээ найруулагч Г.Доржсамбуутай хамтран “Гарваа” жүжиг тавьсан бөгөөд мөн бие даан “Хүн бүгд би” жүжгээ толилуулж байсан юм. “Харанхуйд харагдахгүй”, “Далан худалч”, “Кармен хүүхэн”, “Ганцхан алхахад уулзана”, “Садар эрийг номхтгосон нь”, “Цахлай”, “Хүйтэн сэнтий”, “Гавал сар”, “Амьгүй албат”, “ Ээжээ”, “Атга нөж”, “Мануухай”, “Эхнэрээ зээлээч”, “Ану хатан” зэрэг 20 гаруй уран бүтээл тайзнаа амилуулж, театрын урын санг баяжуулсан нэгэн. Авьяаслаг найруулагч Б.Баатар нь тайз дэлгэцийн болон телевиз радиогийн олон бүтээл найруулж, үзэгч, сонсогчийн хүртээл болгож чадсан төдийгүй Монголын ард түмнийг дэлхийн сонгодог бүтээлтэй танилцуулах их хувь нэмэр оруулсан уран бүтээлч юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ