Монгол хилчнийг буудаад 14 жилийн ял авлаа

ОХУ-ын Тувад энэ сарын 7-нд Монголын хилийг зөрчин, мал хулгайлсан, албан үүргээ гүйцэтгэж байсан монгол хилчнийг буудан шархдуулсан хоёр тува иргэнийг шүүх хурал болж, манай хилчнийг шархдуулсан Кенденд чанга дэглэмтэй хорих ангид 14 жил, түүний хамсаатан Ораланд жирийн дэглэмтэй хорих ангид гурван жил хорих ял оноосон байна.
Энэ хэргийн тухайд эргэн сануулбал Тувагийн Эрзинск дүүргийн Оралан Омак Белекович, Кенден Белек-Баир хэмээх хоёр иргэн 2012 оны 11 дүгээр сарын 3- 4-нд шилжих шөнө хил зөрчин Монголын нутагт нэвтрэн орж, адуу хулгайлсан байна.
Тэднийг буцах замд нь манай хилчид илрүүлэн баривчлахыг оролдсон боловч хил зөрчигчид галт зэвсэг хэрэглэн эсэргүүцэл үзүүлж, монгол хилчнийг шархдуулаад хил даван зугтсан юм.
Монголын талаас өгсөн мэдээллийн дагуу ОХУ-ын хил, Цагдаагийн албаныхан эрэн сурвалжласны үр дүнд Тувагийн нутагт тэднийг баривчилсан билээ. Тэдэнд хууль бусаар хил зөрчсөн, хил даван хулгай хийсэн, хилийн албаны ажилтны амь насанд халдахыг завдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд ийнхүү гэм буруутайг нь тогтоожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ