Худал мэдээллээр олныг цочроосон залууг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэллээ

Наймдугаар сарын 6-ны 11.00 цагийн үед талбайн ойролцоо баригдаж буй барилга дээр ажиллаж байсан гурван хятад иргэн монголын хоёр эмэгтэйг хүчиндэж, тогтоол усанд хаясан гэх мэдээлэл зураг цахим хэрэгслээр цацагдсан. Тэгвэл уг мэдээлэл ташаа байсныг ЦЕГ-аас тайлбарлаж байна.
Энэхүү мэдээллийг Хасчулуу Мөнхбаяр гэх эрхэм өөрийн фэйсбүүк хуудаст нийтлэн олон нийтийг охид бүсгүйчүүдээ хамгаалахыг уриалан дуудсан юм. Түүний уриалга даруй олны анхаарлыг татаж хүмүүс шэйрлэж буюу тарааж эхэлсэн. Улмаар цахим хуудсаар энэхүү мэдээлэл газар авсан нь цагдаагийн байгууллагын хараанд өртөж шалгасан ба энэхүү мэдээллийг худал ташаа мэдээлэл болохыг баталсан байна. Тиймээс ташаа мэдээлэл цацаж олон нийтийг өдөөн турхирсан иргэнийг шалгуулахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ.
Уг мэдээллийг дэлгэсэн Мөнхбаяр гэх залуугийн зүгээс "Би өчигдөр хэрвээ тэгээд бичвэл хэр их газар авах бол гэсэн сонирхолдоо хөтлөгдөөд биччихсэн юм. Тэгээд устгах гэтэл интернет тасарчихсан. Орой гэртээ интернетгүй байж байгаад өглөө иртэл ийм их шэйр авчихсан байсан. Тэгээд ирэнгүүтээ л устгасан” гэдэг тайлбар хэлжээ.
Худал мэдээллийг газар авахуулах хамгийн том шалтгаан нь улаан өнгөтэй тогтоол ус байв. Ус яагаад ийм улаан байгаа Дуурийн театрын жижүүр "Улаан будагтай даавуу усанд хийсч ороод ийм улаан ягаан өнгөтэй болсон, тэрнээс юу гэж хотын төвд мал, хүн алаад байж байхав. Хэрэв цус байсан бол энэ халуунд үнэр ороод үмхийрээд ялаа батгана шавна шүү дээ. Түүнээс гадна энд одоо ямар ч хятад ажилчид байхгүй" хэмээн тайлбарласан байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ