Иракт хийж буй агаарын цохилтын эргэн тойронд

{!!!right!!!}Лхагва гаригийн орой яаран сандран хийсэн ерөнхийлөгчийн мэдэгдэл ёсоор 24 цагийн дотор Персийн булан болон Ойрхи Дорнод дахь АНУ-ын тэнгисийн цэргийн дөрвөн баазын дэмжлэгтэйгээр нэгдсэн удирдлагатайгаар Иракийн нутаг дэвсгэрт агаарын цохилт өгч эхлэв.

ISIS (Islamic State of Iraq and Syria) буюу Ирак Сирийн исламын улс хэмээх лалын хэв даврагсдын зэвсэгт бүлэглэлийн гол түшиц газраа болгоод буй Иракийн хойд нутгийн Ирбил хот цохилтын төв цэг байв.

Ирбил хот нь Иракийн хагас автономит засаглалтай курдуудын төв бөгөөд зургадугаар сард ISIS-т эзлэгдээд байсан. Эндээс ISIS-ийн дайчид Мосул, Каракош, Киркук хотыг дайрч эзэлсэн ба удирдлага нь ч энд төвлөрөөд байгаа тухай Пентагон өмнө нь Иракийн Засгийн газарт мэдээлж байв.

Тиймээс Ф18 сөнөөгч дайрагч онгоцнууд болон нисэгчгүй онгоцуудаар Ирбил хотын ойр орчмыг бөмбөгдсөөр байгаа. Өнөөдөр агаарын цохилт хийх нутаг дэвсгэр улам өргөжиж гуравдугаар шатандаа орж байна.

Эхний шатанд л гэхэд агаарын цохилтод 500 паунд буюу 227 килограмм орчим бөмбөгийг америкчууд агаараас хаяжээ. Лалын хэт даврагсдынартиллерийн байрлууд болон цэргийн цувааг сансраас хийж буй хяналт дор бөмбөгдөж буй талаар мэдээлэл эхний мэдээллүүд байлаа.

Бямба гаригийн байдлаар агаарын цохилтын үр дүнд зуу гаруй лалын дайчид амиа алдаж 500 гаруй дайчид шархадсан тухай Пентагоноос мэдээлжээ. Үүнээс хамгийн гол нь ISIS-ийн цэргийн баазууд, зэвсгийн нөөц зэрэг материаллаг хохирлыг хангалттай учруулаад байгаадаа Пентагон сэтгэл ханамжтай байгаа аж.

Иракийн засгийн газрын цэргүүд, курдын автономит нэгжийн цэргүүд болон шийтүүдийн сайн дурын зэвсэгт дайчдын нэгдсэн хүчээр АНУ-ын агаарын цохилтын гуравдугаар шатны төгсгөлөөр дайралтад орж ISIS-т эзлэгдсэн газар нутгуудаа буцааж авах төлөвлөгөөтэй байгаа аж.

Мөн америкчууд агаарын цохилт өгөхийн зэрэгцээ энэхүү цэргийн ажиллагааны гол шалтгаан болоод буй үндэстний цөөнх язидисчуудын дүрвэн гарсан Синжар ууланд 3800 галлон ус болон олон зуун тонн хүнсний бэлэн бүтээгдэхүүнүүдийг агаараас хаясаар байгаа юм.

Энэ туслалцааг НҮБ-ын зүгээс язидисчуудын 75000 дүрвэгсдэд хангалттай бус хэмээн зарлаж олон улсыг хүнс болон ус, эмийн бүтээгдэхүүнээр туслахыг уриалаад байгаа юм. Үүний дүнд Их Британи болон Франц улсууд АНУ-тай зэрэгцэн Синжар ууланд агаараас тусламжийн бүтээгдэхүүнүүдийг хаяж эхэлжээ.

Гэсэн ч ууланд зугтан гарсан олон мянган иргэдэд ундны ус болон хүнсний зүйлс хангалттай хүрэлцэхгүй байгаа тухай НҮБ-ын Хүн амын сан зэрэг харьяа байгууллагууд мэдэгдсээр байна. Жишээ нь хүүхдийн байгууллагаас НҮБ-ын Хүүхдийн сангаас Синжар ууланд 60 гаруй хүүхэд амиа алдаад байгаа тухай мэдээлжээ.

Ийнхүү курд, язидис зэрэг үндэсний цөөнх болон лалын шашны шийт урсгал, христ шүтлэгтнүүдийг устгахаар заналхийлж Иракийн засгийн газрын цэргийг бутцохиж тус орны хойд нутгийг бүхэлд нь эзлэн аваад байгаа ISIS-ийн эсрэг хийж буй америкчуудын агаарын цохилт үргэлжилсээр байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ