“Сүнжин гранд”-аас муу муухай бүхэн гарах бололтой

Өмнө нь ширээний үйлчлэгч нэрийн дор биеэ үнэлэгч ажиллуулж байгаад баригдаж байсан Сунжин Грандаас ямар ч жигшмээр зүйл гарч магадгүйг баталсан үйл явдал өрнөөд байна. БНСУ-ын иргэн, Монгол иргэнтэй хамтран Туул голоос загас агнаж, агнасан загасаа “Сүнжин гранд” зочид буудалд хадгалан улмаар ресторанд нь хоол бэлтгэдэг байсныг Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид олж тогтоожээ. Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагчид гэнэтийн шалгалт явуулахад дээрх зөрчил илэрсэн байна.
БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Сүнжин гранд” зочид буудлын хүyсний агуулахад Туул голоос зөвшөөрөлгүй барьсан 200 зүйлийн 400 гаруй кг загас хадгалагдаж байжээ. Зочид буудлын ресторан хэчнээн жил ингэж ажилласныг албаныхан хэлж мэдэхгүй байна. Мөн Туул голын ус хэр зэрэг бохирдолтой билээ, тэндээс барьсан ямар ч эрүүл ахуйн баталгаа байхгүй загасаар хоол хийж хэчнээн жил монголчуудыг хооллосон, ашиг орлогоор хангалттай байсан зэргийг бодохул ямар ч монгол хүний дургүйцэл зэвүүцэл хүрэх билээ. Хэдийгээр загас агнахыг хориглосон улирлын хугацаа дууссан боловч үйлчилгээний зориулалтаар загасчилсан тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авах учиртай юм. Түүнчлэн хүнсэнд хэрэглэхдээ зайлшгүй эрүүл ахуйн шинжилгээ явуулж, усны бохирдлоос үүдэн хүнсэнд хэрэглэж болох эсэхийг нь ч нягтлан үзэх учиртай ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ