Эмнэлгийн үйлчилгээнээс бухимдсан залууд хутгалуулсан сувилагчийн бие тааруу байна

Өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 9-нд Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн сувилагч бүсгүй ажил дээрээ нэгэн залуугийн хамт хутгалуулсан ноцтой хэрэг гарлаа. Хэргийг үйлдсэн 29 настай Г гэгчийг саатуулан Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Хэрэг үл ойлголцлоос болж гарсан байна. Бямба гаригийн өглөөний 07 цагт Шастины нэрэмжит эмнэлэг рүү гаднаас хутга заазуур барьсан нэгэн залуу орж ирэн таван давхарт байрлах Уушиг судлалын тасагт ажлаа хийж байсан сувилагч 26 настай Э болон түүнийг хамгаалахаар ирсэн 24 настай Н нарыг хутгалж гэмтээн танхайрсан байна.
Мөн хажуугийн өрөөнд байсан сувилагч эмэгтэйн биед халдахыг завдсан ч тухайн эмэгтэй бие хамгаалах урлагаар хичээллэдэг байсан тулдаа өөрийнхөө биеийг хамгаалж чадсан гэж эмнэлгийн ажилтнууд хэлж байна. Азаар удалгүй цагдаагийн алба хаагчид ирж, уг залууг баривчлан явсан гэж мэдээллээ.
Залуу баасан гаригийн орой ээжийгээ тус эмнэлэгт хэвтүүлэхээр авчирсан гэж байна. Гэтэл сувилагч эмэгтэй ор байхгүй одоогоор хэвтүүлэх боломжгүй гэсэн хариулт өгсөнд бухимдсан залуу өдөржин эмнэлэгт хэл ам хийж, өвчтөнүүдийн амар амгаланг алдагдуулсан гэж эмнэлгийн ажилтнууд мэдээлж байна.
Тиймээс сувилагч эмэгтэй цагдаа дуудан залууг баривчлуулсанд хорссон залуу суллагдмагцаа эргэн ирж сувилагчийн биед халджээ. Харин хутгалуулсан сувилагчийн биеийн байдал тааруу Шастины эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ