Иргэд эрүүл мэндийн салбар луу мэс далайв

Хэд хоногийн өмнө П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн сувилагч бүсгүй ажил дээрээ нэгэн залуугийн хамт хутгалуулсан ноцтой хэрэг гарсан. Өглөөний 07:40 цагийн үед тус эмнэлэг рүү гаднаас хутга, заазуур барьсан иргэн таван давхарт байрлах “Уушиг судлалын тасаг”-т 26 настай Б гэх сувилагч бүсгүй болон түүнийг хамгаалахаар ирсэн 24 настай Г гэх залуугийн хүзүүн тус газар хутгалж хүнд гэмтээсэн тухай мэдээллийн хэрэгслүүдээр шуугиад өнгөрсөн. Азаар гэмтэн өөр хүмүүст хохирол учруулж амжилгүй хуулийн байгууллагынханд баригдсан аж.

Хэргийн шалтгаан үл ойлголцол. Нийгэмд өдөр бүр иргэдэд тохиодог үйлчлэгч үйлчлүүлэгчдийн хоорондын харилцааны үл ойлголцлоос ийм ноцтой хэрэг гарсан нь харамсалтай. Энэ бол яах аргагүй ухвар мөчид нэгний үйлдсэн хүний амь нас, эрүүл мэндэд халдсан эрүүгийн гэмт хэрэг.

Өмөөрч боломгүй энэ хэргийн ард байгаа шалтгаан нь нийгмийн бухимдал, түүнээс шалтгаалсан иргэдийн сэтгэцийн өөрчлөлтүүд ямар их байгааг илтгэж байгаа хэрэг юм. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт улам хүндэрч, түүний сацуу эрүүл мэндийн зэрэг салбарын алдаа дутагдал, хүнд суртал иргэдийн сэтгэцэд гүн гүнзгий стресс учруулж эцэст нь гэмт хэрэг үүдэн гарах шалтгаан болж буйг анхаарч эмзэглэж буй эрхтэн дархтан хэд байгаа бол.

Энэ нийтлэлд дурдагдаж байгаа хүний амь насанд санаатайгаар халдахыг завдан онц хүнд шарх, гэмтэл бэртэл учруулсан хэргээр 10-аас дээш жилээр яллагдах залуу хэрэг болсон өдрийн өмнө баасан гаригийн орой ээжийгээ тус эмнэлэгт хэвтүүлэхээр авчирсан жирийн нэг үйлчлүүлэгч байжээ.

Гэтэл сувилагч эмэгтэй ор байхгүй одоогоор хэвтүүлэх боломжгүй гэсэн хариулт өгсөнд бухимдсан залуу эмнэлэгт хэл ам хийж, өвчтөнүүдийн амар амгаланг алдагдуулжээ. Тиймээс сувилагч эмэгтэй цагдаа дуудан залууг баривчлуулсанд хорссон залуу суллагдмагцаа эргэн ирж уучлашгүй ялт хэрэг өдүүлсэн нь энэ юм.

Энд ээжийнхээ эрүүл мэндэд санаа зовсон хүүгийн бухимдал болон сувилагч эмч нарын ор байхгүй хэмээн учирласан үнэн учирт аль алинд буруу алга. Зөвхөн эрүүл мэндийн салбарын доройтол, тухай салбарын удирдлагууд, эмнэлгийн дарга нарын удирдах арга байдлын ялзрал, авлига хээл хахуульд нэвт идэгдсэн тогтолцоо л буруутай юм.

Энэ хэргийг зөвхөн гэмт хэргийн шинжээр нь авч үзэхээс гадна учир шалтгаан нь тун тодорхой байдлыг шинжлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ Монос группын буруугаас болж 20 гаруй нялхас хордон эмчлүүлж байгаа шуугиант хэрэг гарсаар байхад салбарын удирдлагууд болон холбогдох хяналтын байгууллагуудын зүгээс хийж буй нүдэнд харагдаж гарт баригдах ажил огтхон ч алга байгаа нь эмзэглэмээр.

Тун яаралтай энэ салбарт өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлэхгүй бол бухимдсан иргэд салбарын доройтол ялзрал руу дайрч өөрсдөө гэмт хэрэгтэн, ялтан, гэмгүй эмч сувилагч нар хохирогч болсоор байна. Харин сайд дарга нар албан тушаалтайгаа зууралдаж, амин хувийн асуудал болон ашиг хонжооны бялуу харсаар сууна.

Дашрамд дурдахад энэ нийтлэлээр дамжуулан гэмт хэрэгтнийг өмгөөлөх ямар нэгэн сэдэл агуулаагүйг уншигч авхай танаа өчье.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ