Монгол залуус хятад инженерийн жолооч эмэгтэйг өмөөрөн хятадуудтай зодолджээ

Өчигдөр буюу наймдугаар сарын 13-ны орой Чингэлтэй дүүргийн 4-р хороонд баригдаж буй “Их өргөө” ХХК-ийн барилга дээр ажиллаж байсан хятад иргэдтэй монголчууд зодолдож үймээн дэгдээжээ. Үймээнийг цагдаагийн алба хаагчид ирж байж таслан зогсоосон байна.

Хэрэг явдал өчигдөр оройн 19 цаг 30 минутын орчимд болжээ. Хавь ойрын оршин суугчдийн яриагаар тухайн барилгаас хятад болон монгол хэлээр орилолдох дуу гарч, түүнийг сонссон хэсэг залуус барилгын хашаанд ороход нэг монгол эмэгтэйг хятад иргэн үсдсэн байснаас үүдэн зодоон болжээ.

Чингэлтэй дүүргийн 4-р хорооны иргэн Л.Амарсанаагийн хэлснээр хятад иргэд эхлээд хоорондоо муудалцсан байна. Барилгын ажилчид хятад инженертэйгээ цалингийн асуудлаас болж маргалдаж, улмаар хятад инженерийн жолооч болох монгол эмэгтэйгийн биед халдсан гэнэ.

Мөн “Их Өргөө” ХХК-ийн талбайн инженерийн хэлж буйгаар барилга дээр ажиллаж байсан хятад иргэд цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй байжээ.

Харин энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн байцаагч Ё.Лхагвасүрэн: -“Одоогоор цагдаагийн алба хаагчид хэргийн материал бүрдүүлэлт хийж байгаа. Энэ ажил дууссаны дараа ямар арга хэмжээ авах нь тодорхой болно. Үүнээс гадна тухайн барилгын ойр орчимд оршин суудаг иргэдийн мэдээллээр тус барилга дээр ажилладаг Хятад улсын иргэд хэв журам алдагдуулдаг, оройн цагаар эмэгтэйчүүдийг хоргоодог” гэсэн мэдээллийг өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ