“-Миний дөрвөн хүүхдийг аваад ирээч. Нэг нэг үнсчихмээр байна”...

Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр яаралтай хагалгаагаа 5 цаг хүлээгээд бурханы оронд одсон бүсгүй хамгийн сүүлд ингэж хүсчээ... Манай сурвалжлагч болсон явдлыг газар дээрээс нь тодруулахаар Булган аймагт ажиллаж эхэллээ. Талийгаачийн дүү Б.Мөнгөнтуяа ийн ярьж байна.
- Болсон үйл явдлыг тодруулбал?
- Талийгаач эгч маань өдөр 14 цагийн үед гүүгээ саах гэж гараад адуунд хэвлийн тус газраа өшиглүүлсэн юм билээ. Унасан газраасаа босч чадахааргүй, хүнд гэмтсэн байсан гэсэн. Гэрт нь өргөж оруулаад түргэн тусламж дуудсан. Манай хүргэн ахынх Булганы нисэхийн ар руу зусдаг, аймгийн төвөөс 7 км зайтай байдаг л даа. Түргэн тусламж их шуурхай ирсэн. Түргэнээр орж ирүүтээ над руу залгуулж, би ч санд мэнд яваад очсон юм. Намайг ирэхэд “ЭХО”-д харуулчихсан, ямар ч гэсэн дотор эрхтэнд асуудал үүссэн байна, элэг бөөр бяцарсан уу, гэдэс тасарсан уу гэдгийг одоогоор хэлэх боломжгүй, яаралтай хагалгаа хийх шаардлагатай гэж байсан. Онош нь хагалгааны явцад л мэдэгдэнэ гэсэн.
-Хэн гэдэг эмч ингэж хэлсэн бэ?
- Тэр өдөр нэгдүгээр жижүүрт гарч байсан н.Цогтгэрэл гэж эмэгтэйчүүдийн эмч “ЭХО” оношилгоог хийсэн. Тэгээд яаралтай хагалгаанд оруулах шаарлагатай гээд дээш нь мэс заслын тасаг руу шилжүүлсэн юм. Одоо ингээд яаралтайгаар хагалгаанд орно, ойр зуурын зүйл бэлтгэх хэрэгтэй гэхээр нь би гарсан. Дэвсдэг памперс, сальфетка зэрэг зүйл хэрэг болно гэсэн л дээ. Тэгээд хурдхан эргээд иртэл гуравдугаар бүлгийн цус хэрэгтэй гэсэн. Бид өөрсдийнхөө утсаар холбоо барьж, доноруудыг нь өөрсдийн унаагаар эмнэлэг дээр авчирсан. Миний цусны бүлэг таарч байсан болохоор би ч бас цусаа өгсөн юм. Ингээд хагалгааны бэлтгэл ажил гүйцлээ гэтэл тэр өдөр мэс засал дээр гарч байсан эмч н.Бүрэндондов хэрвээ дэлүү бяцарсан бол би ганцаараа хагалгаа хийж чадахгүй, гар дутна гэсэн. Бодвол олон судас шөрмөс байдаг юм байлгүй. Бүрэндондов шинээр төгсч ирсэн, туршлага багатай эмч юм билээ. Тэгээд амралтаа авчихсан байгаа н.Олзмөнх гэдэг эмчийг утсаар дуудчихсан, удахгүй ирнэ гэсэн. н.Олзмөнх эмч тэр өдөр аймгийн төв дээр байсан уу гэвэл байсан. Эгч муудаад ирлээ гэж утасдахаас өмнө манай урьд талын айлд ирээд явж байхыг нь би харсан. Энд бид нэг нэгнээ, тэр тусмаа эмч нарыгаа бол андахгүй шүү дээ. Хүн цөөтэй, жаахан газар юм чинь. н.Олзмөнх эмч саяхан энд явж байсан даа гэсэн чинь харин дуудчихлаа, ер нь бол амралттай байгаа гэж байсан. Энэ яриа 16 цаг өнгөрч байхад болсон юм. Эгч 15 цаг өнгөрч байхад эмнэлэг дээр ирсэн, хагалгааны бэлтгэл, донор, цус гэсээр байтал нэг цаг өнгөрчихсөн. Тэгээд хүлээлгээд л байлаа, хүлээлгээд л байлаа. Яасан бэ, хагалгаа хэзээ эхлэх вэ гэхээр одоо юмаа бэлтгэж байна аа гээд зөндөө удсан. Цаг 18.45 болж байсан байх аа, н.Олзмөнх эмчийн утас холбогдохгүй байна, гэр рүү нь хүн явуулаад байхгүй байна гэсэн. Тийм болохоор Эрдэнэтээс эмч авчирах хэрэгтэй боллоо, харин төлбөр мөнгөтэй юм байна, дуудах уу гэж биднээс асуусан. Бид ч мэдээж дуудалгүй яах вэ, хэд ч байсан төлнө гэсэн. Үхэл амьдралын асуудал яригдаж байхад мөнгө ёстой хамаагүй шүү дээ. Эмнэлгийн зүгээс тухайн эмчийн ирж очих шатахууны зардлыг даана, харин та нар төлбөрийг нь даагаарай гээд Эрдэнэтээс эмч авчирахаар болсон.
- Тэгэхээр бараг 19 цагт Эрдэнэтээс эмч дуудах шийдэлд хүрсэн гэсэн үг үү?
- Тиймээ. Ийм яриа болж байх хооронд 19 цаг болсон байх. Эрдэнэтийн эмч ирэх гэсээр байтал 19.50 болсон. 20 цаг 10 минутад сая нэг хагалгаа эхэлсэн дээ. Тэгэхээр эгч маань адуунд өшиглүүлснээс хойш зургаан цагийн дараа, эмнэлэг дээр ирснээсээ хойш таван цагийн дараа хагалгаанд орсон байгаа биз. Энэ хооронд тэр хүн яаж өвдөж шаналж байгаа бол. Аймаар өвдөөд байна, өвчин намдаах тариа хийхээр л гайгүй болж байна гэж байсан гэсэн. Манай нэг эгч хагалгаанд орохоос нь өмнө орсон л доо. Царай бүр цонхийчихсон, хүнд байдалтай “-Би амьдрах болов уу, үгүй болов уу. Миний дөрвөн хүүхдийг аваад ирээч. Нэг нэг үнсчихмээр байна”гэж байсан гэсэн. Бүр тэгж дахин дахин нэхсэн байгаа юм. Бид хагалгаанд ороод алтан гартай эмч нарын буянд босоод ирнэ гэж бүрэн итгэж байсан болохоор хүүхдүүдийг нь авчрах гэж яараагүй. Хэний ч толгойд үхлийн тухай бодол ороогүй юм.
- Эрдэнэтээс ямар эмч ирсэн бэ?
- Лхагваа гэсэн байх аа. Их мундаг л эмч юм гэсэн. Хагалгааны төлбөрт 120 мянган төгрөг өгнө шүү гэж байсан. Хагалгаа эхлээд удаагүй, 10-20 минут болсон уу яасан Эрдэнэтийн эмч гараад ирсэн. “-Миний зүгээс хийх зүйлээ хийчихсэн. Асуудалгүй. Няцарсан дэлүүг нь авахад 10 гаруй минут л боллоо. Би хагалгааг нь хийчихсэн. Амьдруулах үгүйг нь танай эмч нар л шийднэ. Зүрх нь зогсоод яаралтай арга хэмжээ авч байна” гэсэн. Тэр эмчийг гарч ирснээс хойш хагалгаа цаг хэртэй үргэлжилсэн. Үнэндээ бидний зүгээс хагалгааны явцад хяналт тавих ямар ч боломж байгаагүй. Хагалгаа эхлэх үед зүрх нь зогссон уу, хагалгааны явцад зогссон уу. Дараа нь ийм явдал болов уу огт мэдэх боломжгүй. Хагалгаа явагдаж байгаа өрөө байшингийн догол дээр байрлалтай учраас эмч нарын үйл хөдлөл бол харагдаж байсан. Эхлээд бужигналдаж байснаа сүүлдээ нам жим болчихсон. Сувилагч, эмч нар бүгд зүв зүгээр зогсчихсон. Эмнэлгийнхээс “-Өнгөрчихсөн биш биз” гэхээр “-Эмчээсээ асуу” гэнэ. Бүр цаг гаруйн дараа, цогцос нь хөрсөн хойно биднийг оруулсан. Үнэхээр гомдолтой байгаа. Бас нэг ноцтой асуудал байгаа л даа. Маргааш нь эмнэлгийн дарга дээр ороход “-Хэвлийн хөндийгөөс 1 литр 500 грамм цус гарсан” гэж байсан. Гэтэл хагалгаанд орсон сувилагч нь 400 грамм цус гарсан гэсэн. Үүнээс гадна хагалгаанд орсон эмч н.Цогтгэрэл гарч ирэхдээ “-Хэвлийд нь багадаа л литр гаруй цус байна” гэж байсан юм. Мэдээж энэ зөрүү бидний хардлагыг төрүүлсэн. Ам чинь зөрөөд байна, үүний цаана хуйвалдаан яваад байгаа юм биш биз гэхэд эмнэлгийн дарга: “-Би цуу ярианаас мэдээлэл авсан учраас андуурсан байна лээ” гэдэг байгаа. Энэ одоо яг юу гэсэн үг вэ. Булган аймгийн иргэдийн эрүүл мэндийг хариуцаж байгаа дарга ажлаа цуу яриагаар явуулж байдаг хэрэг үү. Талийгаачийн ар гэрийхэнд дам яриагаар мэдээлэл өгөөд сууж байна аа гэдэг энэ хүн ажилдаа ямархуу хариуцлагатай ханддагын тод жишээ биш үү.
- Нас баралтын шалгааныг эмч нар өөрсдөө юу гэж та нарт хэлсэн бэ?
- Зүрх нь зогссон л гэдэг. Юунаас болж зүрх нь зогссоныг хэн ч тайлбарлаагүй. Бид шүүх эмнэлэгт хандсан байгаа. Бид эцэг эхээс арвуулаа. Манай эгч бид 2 отгон л доо. Манайхны хувьд дотуур цус их алдснаас болж зүрх нь зогссон болов уу гэж бодож байгаа. Тухайн үед эмнэлэг дээр сэлбэх цусан бүтээгдэхүүн байгаагүй бололтой. Тиймээс л доноруудаас цус авах хэрэг гарсан болов уу. Хэрвээ цус сэлбээд байсан бол зүрх зогсоо ч уу үгүй ч үү. Алдсан хүн арван тамтай гэгчээр янз бүрийн хардлага л төрж байна.
- н.Олзмөнх эмчийн тухайд үнэхээр ирнэ гэсэн юм болов уу? Ирнэ гэчихээд ирээгүй бол мэдээж ямар нэг шалтгаан гарсан байх. Энэ талаар та бүхэнд ямар нэг тайлбар хийсэн үү?
- Энэ талаар ч ямар нэг мэдээлэл өгөөгүй. Мэдээж ирнэ гэсэн болохоор л тийм удаан хүлээлгэсэн биз. Хэрвээ дуудчихсан, ирнэ гээгүй бол бид өөр арга хэмжээ авах л байсан. Үгүй ядаж Эрдэнэт аваад орох байлаа. Дуудчихсан гээд хүлээлгэсэн болохоор Олзмөнх эмч очно гэсэн болов уу гэж бид бодож байгаа. Дараа нь харин утсаа салгаад алга болсны тухайд одоогоор мэдэгдсэн юм алга. Хүний амьтай холбоотой асуудалд ингэж хандаж болдог хэрэг үү. Дараа нь бид аймгийн ЭМГ-ын дарга дээр орж яаралтай хагалгаанд орох ёстой стандарт хугацааг асуусан л даа. Цаад тал нь хоёр цагийн дотор мэс ажилбар хийх ёстой юм билээ. Үнэхээр чадах бүхнээ хийж, эмч хүний ёсоор эцсээ хүртэл үхэлтэй тэмцсэн бол бидэнд ямар ч гомдол байхгүй. Хамгийн гол нь ийм цалгар назгай хандаж, яасан нь мэдэгдэхгүй нөхцөлд эгчийн маань амь нас үрэгдсэнд л гомдолтой байна. Хойшид өөр хүмүүст, тэдний балчир үр хүүхдүүдэд ийм зовлон дахиад учруулахгүйн төлөө бид эцсээ хүртэл тэмцэх болно гэдгээ хатуу хэлье. Хагалгаа, эмчилгээний явцад ар гэрийнхний хяналт ерөөсөө байгаагүй. Хагалгаанд оруулахдаа зурдаг гарын үсгийг нь нөхөр нь байхгүй гэдэг шалтгаанаар өөрөөр нь зуруулсан. Үгүй бид чинь ах дүүс нь юм байгаа биз дээ. Нөхөр нь хүүхдүүдээ авчирч байсан юм. Эхнээсээ тодорхой болчихоод арьсаа хамгаалаад байсан юм шиг хар хэнд ч төрөхөөр байгаа. Талийгаач хүүхдүүдийг минь аваад ирээч гэж хэд хэдэн удаа гуйсан. Нэг нэг үнсэхсэн л гээд байсан. Хүүхдүүдийг нь аваад ирэх үед нь хагалгаа эхэлчихсэн байсан юм. Ингэчихнэ гэж санаагүйгээс эгчийнхээ сүүлийн хүслийг гүйцээж чадаагүй дээ. Ой гарантайгаас 11 насны хооронд дөрвийн дөрвөн балчир амьтан ард нь үлдлээ.
- Эрдэнэтийн эмч төлбөр 120 мянган төгрөгөө авсан уу? Булган аймаг угаасаа мэс заслын эмчийн хувьд дутагдалтай байдаг уу?
- Тэр эмч гарч ирээд надаас шалтгаалах зүйл байхгүй шүү. Танай эмч нар л аврах алахыг нь шийднэ гээд явсан. Мөнгөө аваагүй. Тэгэхээр тэр эмчийг гарч ирэх үед асуудал угаасаа тодорхой болчихсон байж. Бид хэдийгээр сандарч байсан ч нэгний маань амь яригдаж байгаа учраас цаг хугацааг мэдэж, харж байсан. Одоо эмч нар нь эмчилгээ, цаг хугацааны талаар өөрсдийгөө өмгөөлсөн олон зүйл ярих юм шиг байна лээ. Өвчтөний түүхэнд тулгуурлаж мэдээлэл өгнө гэдэг. Үнэндээ тэр түүхийг энэ хугацаанд яаж ч өөрчилсөн тэдний дур шүү дээ. Эмчийн хувьд уг нь дөрвөн мэс заслын эмчтэй. Гэтэл чадвартай эмч нараа бүгдийг нь зэрэг амраасан байгаа юм. Шинэ тулгар хүн үлдээгээд шүү дээ. Амраагүй үлдсэн нөгөө нэг эмч нь тэр өдөр Тэшиг сум руу бас моринд өшиглүүлсэн дуудлагад явчихсан байсан. Аа нээрээ н.Баттулга гэдэг тэр эмч яг ийм хагалгааг Тэшиг суманд ганцаараа хийж хүний амь авраад ирсэн байсан. Гэтэл яагаад бүхэл бүтэн аймгийн нэгдсэн эмнэлэг дээр мэс заслын эмч ийм хагалгаа хийчихэж чадахгүй цаг алдаж хүний аминд хүрчихэв ээ. Бодмоор байгаа биз.
- Хүүхдүүд нь...?
- Хүүхдүүд нь үнэхээр хэцүү байна. Өчигдөр зуун найман зул өргөхөөр явахад дороос хоёрдахь охин нь”-Бурханд сайн мөргөвөл ээжийн минь өвчин зүгээр болох уу” гэж асууж байсан. Хөөрхий ээжийгээ эмнэлэгт байгаа, гараад ирнэ л гэж бодоод байна. Бага нь аавынхаа мөөмийг тэмтэрч үлгээд эхэлчихсэн. Угж хөхөж сураагүй хүүхэд шөнөдөө мөөм мөөм л гээд уйлна. Том нь арай учир мэдэхээрээ “-Ээжтэйгээ дахиад уулзахгүй” гээд уйлаад байгаа.
- Энэ хүнд үед ийм сэтгэлийн хат гаргаж ярилцсан танд баярлалаа.
Үргэлжлэл бий...
А.НАРАНБОЛД
СЭТГЭГДЭЛ БИЧИХ