С.Дашцэрэн: Монгол Улсын нэрийн өмнөөс гээд алх цохиход хүн үнэхээрийн хэцүү байдалд ордог юм билээ

Мэдээний зураг,

"Гал үндэстэн" холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Дашцэрэнтэй уулзаж ярилцлаа. Тэрээр хүнд өвчнөөр өвдөж, яаралтай хагалгаанд орсон. Элэгний хорт хавдар нь ялаас чөлөөлөгдөх өвчний жагсаалтад багтдаг бөгөөд тэрээр ийн хугацаанаасаа өмнө суллагдаад байна.

-Элэгний хорт хавдар тань сүүлийн шатандаа орчихсон байсан гэв үү?

-Бүр эцсийн шатандаа орчихсон байсан. Хорт хавдар дотроо хагарчихсан. Хорт хавдрыг нь авч, цэвэрлэхийн тулд элэгний минь 65 хувийг авсан.

-Таны биеийн байдал хэр байна. 2013 онд Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын эмнэлэгээс таны элэг, цөсийг эрүүл гэсэн онош гаргаж байсан гэж сонслоо?

-Тэгсэн. Тухайн үед хэд хэдэн шинжилгээ аваад эрүүл гэж хэлж байсан.

-Онош зөрсөн талаар тухайн шинжилгээ хийсэн эмч нар тантай дахин холбогдож, хариу тайлбар хийв үү?

-Надтай холбогдоогүй. Харин дамжин өнгөрүүлэхийн эмч нар үнэхээрийн чадвартай гэдгийг биеэрээ мэдэрлээ. Тэд л намайг элэгний хорт хавдартай гэдгийг тогтоосон. Дархан аймгийн 445 дугаар ангид хоригдож байхад хүчтэй өвдөлт өгч эхэлсэн. Тэгтэл Дарханы Нэгдсэн эмнэлэгийнхэн шинжилгээ хийхэд ямар ч онош тогтоогдоогүй. Зүгээр л энд нь, тэнд нь тэгж өвддөг гэсэн бичигтэй л Улаанбаатарт ирсэн. Дамжингийн эмнэлэгийнхэн миний өвчний оношийг түргэн шуурхай тогтоож, Хавдар судлалын алтан гартай эмч нар амийг минь аварлаа.

-Та бүхний холбогдсон хэргийг хүмүүс янз бүрээр хүлээж авсан. Зарим нь та нарыг газар шорооны төлөө тэмцэгчид хэмээж байгаа бол хууль хяналтынхны зүгээс хэд хэдэн зүйл ангиар буруутгасан. Үүн дээр таны бодол?

-Би одоо ч хүртэл өөрийгөө гэмт хэрэгтэн гэж бодохгүй байгаа. Би гэмт хэрэгтэн байгаагүй, одоо ч гэмт хэрэгтэн биш. Би бол гэрч мөн оролцогч. Оролцогч буюу яллагдагч хүн мэдээллийг өгөхдөө өөртөө ашигтай хувилбараар буруу, зөрүү өгч болно. Харин гэрч хүн хэзээ ч буруу мэдээлэл өгөх ёсгүй, тийм эрхгүй. Би галт зэвсэг авч Төрийн ордон руу оруулж, хамт байлцсаныхаа хувьд оролцогч. Би Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас ирж оролцсон. Тэгэхэд би ням гаригийн оройхон Сэлэнгээс ирсэн. Маргааш өглөө нь Төрийн ордны гадна туг лоозон өргөх ажилд оролцсон.

Мөнхбаяр дарга намайг дуудаад "Дотогшоо цуг орох хүнд маань ажил гарчихлаа. Аав нь өнгөрчихлөө. Төрийн ордон руу оръё" гэхээр нь би дуртай зөвшөөрсөн. Яагаад гэвэл Төрийн ордон руу орж үзэх боломж гарлаа, бас сайд, дарга нарт ойрхон очиж ярилцаж үзэх юм байна гэж бодсон. Орсны дараа ажил өөрчлөгдөж эхэлсэн. Буу зэвсэг гарч ирсэн. Намайг нэг үүргэвчтэй юм авч машинаас буу гэсэн. Цэцэрлэгт хүрээлэн рүү бүгд орж ирээд хойшоо харсан ногоон сандал дээр зэрэгцэж суугаад миний авчирсан үүргэвчийг онгойлгосон. Дотроос нь сум гаргаж ирж буунуудаа сумласан. Надад нэг гар буу бас нэг боргоцой буюу гранат өгөхөөр нь өвөртлөөд "Энэ одоо юу болж байна. Буу, зэвсэг барьж болж байгаа юм уу" гэтэл Мөнхбаяр дарга "Бид хууль зөрчсөн улсуудтай хууль зөрчиж ярина. Гэхдээ бидэнд буудах эрх байхгүй" гэж хэлсэн. Яагаад зэвсгүүдээ сумлаад байгааг нь асуутал "Энэ үйл явдлыг сурвалжлахаар сэтгүүлч, сурвалжлагчид ирэх хүртэл бид тэсэх ёстой. Магадгүй ирээдүйнхээ өмнө амь насаараа дэнчин тавьж байгаа асуудал ч байж мэднэ. Хүсвэл та одоо хойд хаалгаар гараад явж болно" гэсэн. Би энэ үйл ажиллагаанд сэтгэл зүрхээрээ тэмцэж ирсэн учир цааш нь үргэлжлүүлье гээд хамт үлдсэн.

-Дахиад ийм тэмцэл хийх нөхцөл бүрдвэл та ахин тийм шийдвэр гаргаж чадах уу?

-Үгүй байх аа. Дахиад тийм тэмцэл гарахгүй. Бид нарын хийсэн яг тийм тэмцэл дууссан гэж үзэж байгаа. Ялалт бидний талд байгаа. Мөнхбаяр дарга "Энд хэн ч буудаж болохгүй. Цагдаа нар ирэх нь тодорхой. Хамгийн гол нь сурвалжлагчид ирэх ёстой. Сурвалжлагчдыг ирэнгүүт би хөшөөн дээр суугаад Төмөрбаатар тэр талаар нь тойроод, та наад талаар нь тойроод миний өмнөх тавцан дээр буунуудаа тавина. Тэгээд дараачийн үйл ажиллагаандаа орно" гэж хэлж байсан. Үүнээс өөр олон зүйлийг мэдэх шаардлагагүй гэсэн. Би яг үүнийг өнгөрсөн хугацаанд чихэндээ хоногштол ярьсан. Байцаалт, шүүх хурал дээр, давж заалдах шүүх хурал дээр ч хэлж л байсан. Бусдын маань ярьсныг үг үсэггүй нэг бүрчлэн тэмдэглэн авч байсан мөртлөө минийхийг тэгээгүй, шүүхийн тогтоол дээр.

Дашцэрэн гуай гэдэг хүн хөдөөнөөс оролцсон. Сэлэнгээс оролцсон нэг хүн гэж явсаар байгаад эцэст нь ялын тогтоол дээр байлдааны галт зэвсгийг мөн гэдгийг мэдсээр байж авч явсан, хүч нэмэгдүүлсэн гэж 20 жил нэг сарын хорих ял өгсөн. Монгол Улсын нэрийн өмнөөс гээд алх цохиход хүн үнэхээрийн хэцүү байдалд ордог юм байна лээ. Бүх амьдрал алга буруулахтай адил хоромхон зуурт орвонгоороо эргэдэг юм байна. Тийм муухай. Ийм үед хүн дотогшоогоо уйлдаг юм билээ. Ямар аюултай, ямар гашуун байсан гээч. Энэ нь ганц бид хэдийг биш найз нөхөд, гэр бүл, ахан дүүс, ард түмнийг маань давхар давхар ялладаг юм гэдгийг ойлгосон. Юмыг ялгаж салгаж чадаагүй төрдөө их гомдсон. Тэсэрсэн бол, дэлбэрсэн бол гэж биднийг ирээдүй цаг дээр ялласан. Би гэрч. Гэрч хүн худал хэлж болохгүй. Гэтэл миний гэрчилсэн эдгээр үгс шүүхийн аль ч тогтоол дээр байхгүй, бичигдээгүй.

-Та нарыг хоригдож байхад ямар нэгэн албан тушаалтан дарамталж, хэн нэгэн хэлэлцээр хийх гэж оролдсон тохиолдол байсан уу?

-Огт тэгээгүй. Энгийн байдлаар харьцаж байсан.

-Таныг Ерөнхийлөгчийн өршөөл, уучлалаар суллагдсан гэж ярих хүмүүс байна. Хорих ангиас таны ялыг чөлөөлөхдөө ямар тогтоол гаргасан юм бэ?

-Эрүүл мэндийн байдлаас суллагдсан, элэгний хорт хавдар өвчин туссан гэж.

-Хэдийнээс таны бие муудсан юм бэ?

-Долдугаар сарын эхнээс бие өвдөж эхэлсэн. Хорт хавдраас болоод хөл өвдөөд, сүүлдээ зүгээр байж байгаад ухаан алдсан. Би анд нөхдөө ирэхээр нь "Хүн хавиргандаа багтахгүй таргална гэж байдаг юм уу" гэж ярьж байсан. Тэр хүртэл элэгний хорт хавдартай болсноо мэдээгүй л явсан. Ийм өвчнөөр өвчилснөө мэдэхгүй явсаар энд хүрч ирж байж мэдсэн. Би маш их өвдлөө дөө, их өвдсөн.

Би өмнө нь уул, ус гол мөрнийхөө төлөө явж, энэ гол хатаж байна, энэ нуур ширгэлээ, үүнийг яах ёстой юм гээд сумынхаа захиргаанд очиход хэн ч авч хэлцдэггүй байлаа. "Хүдэр гол", "Онги гол" гээд олон хөдөлгөөнүүд нэгдээд “Гал үндэстэн” холбоог байгуулж байсан юм. Өвгөдөөс минь өвлөгдөж ирсэн энэ газар нутаг, уул ус маань бидний үр хүүхэд тэдний хүүхдийн хүүхдүүдэд өвлөгдөж очих ёстой гэдэгт бат итгэдэг. Тийм ч учраас урт нэртэй хууль бол гайхамшигтай. Үндсэн хуультай эн тэнцэх хууль. Урт нэртэй хуулийн үг үсэг бүрийг тахин шүтэж явмаар.

Ерөнхийлөгчийн хоригийг цуцлая, урт нэртэй хуульд засвар оруулъя гэж ярьснаараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирээдүйнхээ өмнө гэмт халдлага хийсэн хүн гэж би одоо ч болтол боддог юм. Хүсэл зорилгоороо нэгдсэн нөхөд маань ч ингэж бодож байгаа. Гэтэл энэ хүн улсын баяр наадмын үеэр Алтай, Хангайн тэр сайхан үзэсгэлэнт нутгуудаар явж сэтгүүлчид ярилцлага өгөхдөө "Энэ сайхан нутгийг хараач. Энэ бол гайхамшигтай байгаль. Хэн ч халдаж болшгүй, гадаадын улсуудын нүд унагадаг газар. Үнэхээрийн сайхан орон. Би энэ оронд төрсөндөө бахархдаг" гэж ярьсан. Энэ яасан мундаг эх орончийн үг вэ. Эх орондоо яасан их хайртай болж тоглодог, жүжигчин бэ. Та нар ч гэсэн дотроо бодож байгаа байх. Наанаа ингэчихээд цаанаа ямар юм үйлдэж явдгийг. Дашцэрэн тэгвэл өнөөдөр ирээдүй, эх орныхоо төлөө элгээ өгчихөөд байна. Гэхдээ элэг төлжинө өө, ирээдүй төлжинө өө гэж боддог юм.

Танай сониноор дамжуулан ард түмэндээ хэлэх үг байна. Уг нь богинохон хугацаа боловч маш их хэцүү урт хугацааг тууллаа, сэтгэл санааны болон эрүүл мэндийн. Бас эдийн засгийн дээд зэргийн доройтолд хүрлээ. Би ард түмэндээ өөрийнхөө "Хаан" банкны 5046098643 гэсэн дансны дугаараа өгье. Надад зуун төгрөгтэй нь зуу гэхгүй, арав нь арав гэхгүй, мянга нь мянга гэхгүй хандив өргөж тусална уу гэж судсаар нь монгол цус гүйж байгаа хүн бүхэнд хэлмээр байна.
Би Сэлэнгийн Хүдэр сумын хүн. Манай гэр бүлийн хүн маань намайг зовоход минь зовж, өвдөхөд минь өвдөж хамт байсан. Түүндээ баярлалаа. Эмнэлэгээс, шоронгоос гарч эрх чөлеөтэй болсондоо баяртай байна. Ялалт манайх. Бид ялалт байгуулж чадсан. Яагаад гэвэл Засгийн газар урт нэртэй хуулинд дахин гар хүрэхгүй гэсэн. Ийм учраас бидэнд амь нас, амьдралаа дэнчин болгон тавьсан аюултай тэмцэл хийх явдал дахин тулгарахгүй байх гэж бодож байна, найдаж байна. Төр нь хуулиа сахиж, ард түмнээ хайрлаж хүндлэх ёстой. Тэгэхгүй ард түмнээ уландаа гишгээд, газар нутгийг нь зараад эхэлбэл бид нарын тэнд өмссөн жүжгийн хувцас бол юу ч биш. Жинхэнэ байлдаан ч болж мэднэ, зэвсэглэн босч магад. Эцсийн эцэст Засгийн газрын буруутай бусармаг үйл ажиллагаанаас болж олон орон ийм аюултай гамшигтай хөнөөлд орсон шүү дээ. Ингэхээр үүнээс хойш Засгийн газар маань жаахан юм бодно биз дээ гэж бодож байна гэлээ.

Тэрээр бие нь ядруу, дуу нь сул байгаа ч Монгол Улсын цэвэр усны нөөц, усны том хагалбар, ай савны талаар газрын зураг дээр зааж "Монгол маань их сайхан эх орон шүү" хэмээн ярьж байлаа.

Д.САРУУЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ