Мел Гибсон: Майяачуудын хотын тууринд ертөнцийн нууц агуулагдаж байгаа

Нэгэнтээ тэр галзуу Макс болж, тулаант, адал явдалт киноны гол дүрийг амилуулдаг байлаа. Дараа нь илүү “чухал” дүрүүдэд тоглох болж, тэр бүү хэл Гамлетын дүрд ч тоглож байв. Харин ерээд оны дунд үед “Хилэн зүрх” киногоороо хоёр Оскар гардаж байлаа. Сонгодгоос тулаант кинонууд, сонгодог жүжгийн баатруудыг амилуулж байсан тэрбээр одоо найруулагчийн ажилд хүчин зүтгэж яваа.
-Та хэзээ нэгэн цагт театрын тайзнаа эргэн гарахыг хүсдэг үү?
-Хэн мэдэх вэ? Жүжигчид заримдаа Бродвейд гарч, жүжигт тоглодог. Хөгжилтэй л дээ. Гол нь нэг л жүжгийг найман долоо хоног тоглоно гэдэг миний хувьд жаахан уйтгартай.
-Та саяхан “Тhe expendables 3” кинонд Сталлоне, Шварценеггер, Форд болон бусад супер ододтой хамтран тоглосон?
-Тийм ээ, алдартай жүжигчдийг ийм олноор нь нэг дор цуглуулж байсан удаа бараг байхгүй гэж бодож байна. Энэ бол Сталлонегийн ач. Тэр хүмүүсийн боддогоос ч ухаантай шүү. Утга зохиол, уран зураг гээд тэр бүх талаараа боловсролтой, соёлтой залуу.
-Мөн “Blood father” кинонд тоглож байгаа байх аа?
-Энэ үнэхээр сайн кино болно. “13 дахь хэсэг рүү довтолсон нь” тулаант киног бүтээсэн Францын найруулагч Жан-Франсуа Рише найруулж байгаа. Энэ кино жинхэнэ америк кино болсон, түүний зэрэгцээ сонгодог, төсөөлснөөс ч илүү.
-Хайртай дүрүүд чинь юу вэ гэж асуухаа больё. Харин таны бодлоор дутуу үнэлэгдсэн дүрүүд гэвэл ямар дүр байх бол?
-За жаахан бодоодхоё, өмнө нь энэ талаар огт бодож байгаагүй юм байна. Би нэг удаа “жижигхэн” кинонд тоглож байсан юм. Зураг авалтын талбай дээр хэн ч намайг таньдаггүй байсан. “THE SINGING DETECTIVE” гэдэг нэртэй кино байлаа, би энэ киног бага Роберт Даунитай хамтран продюссерлэж байсан юм. Намайг сэтгэл засалч эмчийн дүрд тоглож байхад бүгд л “Энэ халзан эр чинь хэн бэ?” гээд л асуудаг байлаа \инээв\
-Та кино найруулах нь ховор ч гарсан бүтээл тань үнэхээр гайхалтай, өвөрмөц байдаг. Та кинонуудынхаа санааг хаанаас олдог вэ? Жишээ нь майяачуудын соёл иргэншлийн тухай “Апокалипсис” киноны санаа яаж орж ирж байсан бэ?
-Би үргэлж эрэл хайгуул хийсэн кино бүтээхийг хүсдэг байлаа. Жинхэнэ эрэл хайгуул шүү. Гэвч кинонд зөндөө л эрэл хайгуулж байна, сүүлдээ би өөрөө чухам юу хүсээд байгаагаа ч мэдэхээ байсан. Ингээд л хамгийн эгэл түвшинд буухаар шийдсэн, хэн нэгнийг аввтомашинаар, эсвэл онгоцоор хөөх биш харин хоёр хөлөөрөө хөөе. Хөл дээрээ босоод юу болохыг харъя, ингэж бодоод л хийсэндээ.
-Майяачуудын амьдардаг байсан Төв Америкийн хэсгүүдэд таныг мөнгөн тусламж үзүүлсэн гэж дуулдсан. Энэ үнэн үү?
-Тийм ээ, дэлхийн баруун бөмбөрцгийн хамгийн агуу археологийн олдворуудын нэг нь Гватемалагийн хойд хэсэгт байх Эль-Мирадор гэж би боддог. Дэлхий дээрх хамгийн аварга том цац суваргатай, майяачуудын 50 гаруй хотыг өөртөө агуулсан энэ агуу гайхамшгийг хэн ч мэддэггүй. Тэр цац суварга нь Египтийнхээс ч том шүү. Хэн ч Гватемалаг сонирхохгүй байна. Гэвч тэнд дэлхий ертөнцийн түүх, хүний үүслийн олон нууцууд хадгалагддаг гэдэгт би итгэдэг. Энэ бол бидний алдагдсан гэж үзээд байгаа жинхэнэ түүхийн зураглалыг эвлүүлэх хэсгүүдийг гаргах боломж юм.
-Та одоо өөрийгөө жүжигчин гэхээсээ илүү найруулагч гэж боддог уу?
-Би бүхий л амьдралынхаа турш кинонд тоглож ханалаа. Би чинь 19 настайгаасаа кинонд тоглолоо шүү дээ. Гагцхүү өөртөө зориулан кино бүтээж, түүхийг өгүүлэхийн тулд төрсөн гэж өөрийгөө боддог. Түүх унших дуртай, сонсох, ярих дуртай. Би танд ямар нэг түүх ярьж өгч болно шүү, харамсалтай нь цаг бага байна л даа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ