Украины тухай хэлэлцээрт ахиц гарав

Украины байдлын тухай дөрвөн этгээдийн хэлэлцээний явцад зарим асуудлаар ахиц гаргаж чаджээ. ХБНГУ-ын ГХЯ-ны тэргүүн Франк-Вальтер Штайнмайер Берлинд таван цаг үргэлжилсэн уулзалтын дүнгийн турхай мэдээлсэн байна.

Уулзалт ярианд Орос, Украин, Францын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, Павел Климкин, Лоран Фабиус нар бас оролцсон юм гэж Франс пресс агентлаг уламжилжээ. “Ийм яриа хэлцээ хийх нь энэ хэцүү цаг мөчид зайлшгүй шаардлагатай байсан юм.

Бид мэдээллийг ажиглаж, Украины зүүн нутагт хүчирхийллийн мөргөлдөөнд тулж очоод байгааг мэдэж байна” гэж Штайнмайер тэмдэглээд, гал зогсоож, түүнчлэн энэ нутгийн оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж хүргэх аргыг хэлэлцэхэд анхаарал төвлөрүүлсэн юм гэж тодруулан тайлбарлажээ.

Украины хямралыг зохицуулах цаашдын хэлэлцээний хэлбэр хэмжээг наймдугаар сарын 19-нөөс өмнө тодорхойлох төлөвтэй байна. “Цаашид хохирол гарахаас боломжийн хэрээр зайлсхийхийн тулд эцсийн бүлэгт гал зогсоох боломжийг ашиглах оролдлого нь хэлэлцээний зорилго хэвээр байна” гэж түүний хэлснийг Ройтерс агентлаг дурджээ.

Украины ГХЯ-ны тэргүүн Павел Климкин хийсэн уулзалтыг “нэн хэцүү яриа байлаа” гэж тодорхойлсон байна. “Гэвч ахиц гаргахын тулд олон удаа тав таван цаг яриа хэлцээ хийх хэрэгтэй нь лав” гэж тэр Twitter дэх өөрийн блогт бичжээ. Үүнээс гадна, дэмжлэг үзүүлж байгаа Штайнмайер, Фабиус нарт тэр талархал илэрхийлжээ.

Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров наймдугаар сарын 18-ны өглөө хэвлэлийн хурал хийлгэнэ гэж “Russia Today” сайтад мэдээлсэн байна. Өмнөх мөн ийм уулзалт долоодугаар сарын 2-нд Берлинд болсон билээ.

Тэгэхэд Орос, Герман, Франц, Украины ГХЯ-ны тэргүүн нар Украины зүүн өмнөд нутгийн мөргөлдөөнийг зохицуулах тухай тунхаглалыг зөвшин тохирсон юм. Хэлэлцээнд оролцогчид Украинд гал зогсоох болзлыг зөвшин тохирохын тулд холбоо барих бүлгийг аль болох даруй хуралдуулахыг уриалж байсан тухай Лавров ярьж байв.

Мөн тэгэхэд талууд оросын шалган нэвтрүүлэх боомтуудад украины хилчид болон ажиглагчдыг илгээх санааг дэмжсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ