Талын Монголчуудад герман хүүхдүүд симфони найрал хөгжмийн ая сонордуулна

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярт зориулан Монгол Улс дахь ХБНГУ-ын ЭСЯам, СОС Киндердорф байгууллага, ХБНГУ-ын Мекленбург Форпоммерн мужийн хөгжмийн зөвлөл хамтран СОС Киндердорф байгууллагын элч болсон хүүхэд залуучуудын симфони найрал хөгжмийн залуу хөгжимчдийг урин авчирч та бүхэнд дэлхийн сонгодог урлагийн бүтээлүүдээс тоглож сонирхуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан СОС Хүүхдийн Хотхон байгууллага дээр хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Хэвлэлийн бага хурал дараахь хүмүүсийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдлаа. Хэвлэлийн бага хуралд ХБНГУ-ын ЭСЯ-ны соёлын атташе ноён Кристиан Зайферт, ХБНГУ-ын ЭСЯ-ны ажилтан хатагтай Анужин, ХБНГУ-ын Мекленбург Форпоммерн мужийн Хөгжмийн зөвлөлийн ерөнхийлөгч ноён Oлaф Киркау, ХБНГУ-ын Мекленбург Форпоммерн мужийн хүүхэд залуучуудын хөгжмийн оркестерын удирдаач Станлэй Доддс, Монгол дахь СОС Киндердорф байгууллагын Үндэсний захирал Ж.Цэрэндаваа ХБНГУ-ын Мекленбург Форпоммерн мужаас ирсэн 70 гаруй хүүхэд залуучуудаас бүрдсэн симфони найрал хөгжмийн тоглолт энэ сарын 22-ны өдрийн 19.00 цагаас Улсын Филармони-д болох юм байна.
Дашрамд сонирхуулахад өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан Монголын СОС Киндердорф байгууллага дээр симфони найрал хөгжмийн 70 гаруй залуу хөгжимчид болон Монгол Улс дахь ХБНГУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид, СОС Киндердорф Интернейшнл байгууллагын Герман Улсаас ирсэн төлөөлөгчид, ХБНГУ-ын Мекленбург Форпоммерн мужийн Хөгжмийн зөвлөлийн ерөнхийлөгч ноён Oлaф Киркау, ХБНГУ-ын Мекленбург Форпоммерн мужийн хүүхэд залуучуудын хөгжмийн оркестерын удирдаач, багш нар зэрэг гадаад дотоодын олон зочид төлөөлөгчид тус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, айлуудаар зочиллоо.
СОС Киндердорф Интернэйшнл байгууллага нь 65 жилийн туршид дэлхийн 133 оронд СОС Хүүхдийн хотхон, СОС ГБДХ, Херманн Гмайнерын сургууль, СОС цэцэрлэг, СОС мэргэжил сургалтын төв,СОС эмнэлэг, СОС-ийн яаралтай тусламжийн төв, СОС залуус өсвөр үеийнхний төв зэрэг нийт 2150 гаруй хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм байна.
Дээрхи хөтөлбөрүүдээр дамжуулан эцэг эхийн хайр халамж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд эрүүл өсч бойжих, сурч боловсрох гэх мэт өөрт оногдсон үндсэн эрхээ эдлэж чадахгүй байгаа дэлхийн мянга мянган хүүхэд, залууст “Гэр бүлд суурилан хүүхдийг өсгөн бойжуулах үйлчилгээ”-г амжилттай хүргэн ажиллаж байгаа хүүхдийн байгууллага юм.
Монголын СОС Хүүхдийн хотхон байгууллага нь 2002 онд анхныхаа хүүхдийг хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр СОС Хүүхдийн хотход хоёр, Залуус-Өсвөр үеийнхний төв гурав, Гэр бүлийг дэмжих хөтөлбөр нэгтэй болон өргөжиж, 800 гаруй хүүхэд, залуучууд, тэдний гэр бүлийн гишүүдэд хамгааллын үйлчилгээг амжилттай хүргэж байгаа юм байна.
Тус байгууллага хүүхэд нэг бүрийн онцлогийг харгалзан хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж, сурч боловсрох, авьяас чадвараа хөгжүүлэх, биеэ даасан, эрүүл, зөв хувь хүн болон төлөвших нөхцлийг бүрдүүлэн ажилласнаар энд өсч байгаа хүүхдүүд анги хамт олноо манлайлсан тэргүүний сурагчид болон хүмүүжиж, уралдаан тэмцээнд тэргүүн байрыг эзэлж, ээж, багш нар, найз нөхдийнхөө хайр хүндлэлийг хүлээж байдагт баяртай байдаг тухайгаа СОС Киндердорф-ын ажилчид ярьлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ