Ган-Очир: Амиа хорлохоор хайч аваад хүзүү рүүгээ дүрэх гэтэл эхнэр хайчинд оногдоод ийм зүйл болчихлоо

Эхнэрийнхээ амь насыг санаатайгаар хохироосон хэрэгт буруутгагдаад буй Ган-Очирт холбогдох шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд боллоо. Хуралдаанаар Ган-Очирт 23 жил 9 сарын хорих ял оноож, хүүхдийг аавынх нь талд өгөх шийдвэр гаргажээ.

Гэмт этгээд Ган-очир эхнэрээ өс хонзонгийн сэдлээр хөнөөсөн гэдгийг хохирогчийн ар гэрийнхэн нь мэдээлж байна. Учир нь гэмт этгээд эхнэрээ байнга зоддог учраас өнгөрсөн хоёрдугаар сараас хойш тусдаа амьдарч байжээ. Улмаар Ган-Очир Говь-Алтай амьдарч байгаад өнгөрсөн дөрөвдүгээр сард хотод ирсэн гэж хохирогчийн ар гэрийнхэн мэдээлж байна. Ирээд хохирогчийн ахаар ажилд оруулан, ажлынхандаа “Би Говь-Алтайгаас хүний амь хөнөөхөөр ирсэн” гэж ярьсныг хохирогчийн ах Батцоож ажлынхнаасаа сонссон гэв.

Ган-Очир эхнэрээ долоон сартай жирэмсэн байхад нь хүртэл зодож, хүүхдээ дутуу төрүүлсэн гэж хохирогчийн ах Батцоож ярьж байна. Хэдийгээр салая гэж хэлдэг ч уучлал гуйсаар буцаж нийлдэг байсан гэв. Тэд гурван настай хүүхэдтэй одоогоор хүүхэд нь Ган-Очирын ар гэрийнхэн дээр байгаа. Хохирогчийн ах эгч нар хүүхдийг нь өөрсдөдөө авахаар хөөцөлдөнө гэж байсан ч шүүхээс хүүхдийгаавынх нь ар гэрийнхэнд өгөх шийдвэрийг гаргажээ.

Хохирогчийн ар гэрийнхэн хүүхдийг өөрсөд дээрээ авахаар давж заалдана гэдгээ хэллээ. Мөн эхнэрээ хөнөөсөн нь тогтоогдон шүүхээс 23 жил 9 сарын хорих ял сонссон Ган-Очирын ар гэрийнхэн ч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ шүүх хурлын дараа мэдэгджээ. Ган-очир нь шүүх хурлын үеэр "Би эхнэрээ санаатайгаар хөнөөгөөгүй. Өөрийнхөө амийг хорлох гээд хайч аваад хүзүү рүүгээ дүрэх гэтэл эхнэр хайчинд оногдоод ийм зүйл болчихлоо” гэж мэдүүлсэн байна. Гэсэн ч шүүх бүрэлдэхүүн Ган-очирыг эхнэрийнхээ амь насыг хөнөөсөн гэж үзэн ийнхүү яллалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ