Автобусандаа хаанаас суух вэ машинаа унамаар байна

Нийслэлд өнгөрсөн хэд хоног олны хөл хөдөлгөөн ихсэж, төрийн дээд хэмжээний айлчлалын хажуугаар нийтийн тээврийн маршрутын өөрчлөлтөд иргэд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л бужигналдлаа. Нэг тасалбараар нэжгээд удаа зорчих боломж хотын удирдлагаас олгосныг иргэд таатай хүлээж авсан боловч цагаа тулахаар учраа олохгүй хэд хоногтоо лав үгээ хэлэх шиг болов.

Уг нь энэ ажил бол гадаадын ихэнх хотуудад байдаг энгийн л нэг нийтийн тээврийн зохицуулалтын системийг Улаанбаатарт нэвтрүүлэх гэсэн ажил юм. Харамсалтай нь олон улсын жишгийг Монголын хөрсөн дээр, монгол хүний сэтгэлгээгээр буулгахаар огт өөр ажил, дажин болж хувирах аж.

Мэдээлэл, сурталчилгааг нь хангалттай хийж тайлбарлан таниулаагүй, иргэд нь ч мэдээлэл авья гэхээс илүүтэй солонгос кинонд донтчихсон учир шинэ ажлыг нь автобусны жолооч, кондукторууд нь навс унагаж хараалыг нь санаачлагчид нь хүртсэн ийм л өдрүүд болж өнгөрөх шив.

Автобусны чиглэлүүд өөрчлөгдсөн өдрөө лав автобус компаниудын харгайгаар нэр хаяггүй баахан автобус давхилдаж хүмүүсийн толгойг эргүүлчихээд дараа өдөр нь нэр хаягаа тавьж байх жишээний.

Автобусны жолооч, кондукторууд нь улсаас зардлыг нь өгөх учир явж л байвал боллоо гэсэн сэтгэлгээгээр хандаж кабиндаа чихэлдэж суучихаад л явж байх. Хөөрхий зорчигчид буудал дээр авч давхичих гээд дайрч унагачих гэсэн яарсан автобуснуудын учрыг олох гэжмөн ч хэцүүхэн байх аж.

Угтаа учрыг нь нэг сайн олоод жолооч, кондукторууд нь хийх ёстой ажлаа хийсэн шиг хийгээд явбал энэ шинэ ажил ядарсан монголчуудад лав тустай, олон улсын жишигт нэг алхам ойртсон ажил.

Нийслэлийн удирдлагуудаас түгжрэлийг бууруулах, автозамын хөдөлгөөний ачааллыг багасгах үүднээс дээрх мэт олон ажил санаачлан хийж байгаа нь сайшаалтай. Улаанбаатарын үе үеийн удирдлагуудын хийж байгаагүйг хийж, хийх гэж зүтгэж байгаа нь үнэхээр Э.Бат-Үүл даргын энэ үе.

Олон ажил санаачилж байгаа нь сайшаалтай, гэхдээ тийм ч зөв биш сонголтууд байгаагийн нэг нь автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох явдал. Хэчнээн түгжрэлтэй, машин тэрэг ихтэй хотод ч ингэж хориглохыг тэр бүр сонгодоггүй учир нь энэ нь хүний эрхэнд хувийн өмчид халдсан явдал юм.

Харин татварын бодлогоор дэлхийн бүх хотууд элдэв асуудлаа шийдэж байдгийг анхаарууштай. Жишээ нь олон хотуудад жийп машин унахын тулд түүнийгээ дагаад маш өндөр татвар төлөх. Автомашин, замын хөдөлгөөнтэй холбоотой төрөл бүрийн татвартай холбоотойгоор иргэд нь ямар автомашин авахаа, хаагуур яаж явахаа эхнээс нь сонголтоо хийдэг байх юм. Энэ сарын эхээр хотын төвөөртөлбөртэй зорчуулна гэсэн санааг иргэдийн уур бухимдлыг өдөөсөн буруу мэдээллээр түгээж орхисноос биш уг нь санадаг л санаа. Лондон мэт хотуудад congestion charge хэмээх татварын энэ систем үйлчилдэг. Санаа нь зөв боловч иргэдээ басамжилсан дээрэлхсэн маягаар шинэ ажлаа танилцуулсан нь харамсалтай.

Дээр дурдсанчлан татварын бодлогоор автозамын хөдөлгөөнтэй холбоотой бүх асуудлыг шийддэг болохоос хүний хувийн эрхэнд халдаж автомашиныг нь гараашинд нь үлдээдэг журам харин байхгүй.

Гэх мэтээр олон ажил зөвтэй, буруутай ч нийслэлд маань хийгдсээр л байна. Хэн нэгэн даргын "мэргэн ухаан, таалал"-аар биш олноороо ярилцаж хэлэлцэж, олон улсын жишгийг авч хэрэгжүүлбэл дээрх ажлууд нийслэлд маань өгөөжөө өгөх нь лавтай.

Н.Дорж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ