Орон сууцны үнэ нэмэгдэж байгаагийн шалтгаан

Орон сууцны үнэ нэмэгдэж байгаа нь компаниуд өөрсдөө шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэж байгаатай холбоотой. Гэсэн ч зөвхөн өөрсдийн хэрэгцээнд тохируулан хийдэг. Энэ нь орон сууцны үнэнд нөлөөлж иргэдийн нуруун дээр ачаа болон ирдэг. Харин Засгийн газраас орон сууцны үнийг хазаарлах бодлогуудын нэг бол шинэ орон сууцны хорооллуудын дэд бүтэц шугам сүлжээний ажлуудыг нэгдсэн цогц бодлогоор шийдэж санхүүжилтыг төрөөс шийдвэрлэж өгч байна.

Энэ ажлыг Барилга хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслийн нэгж хариуцан ажиллаж байгаа юм. Тус төслийн нэгж өнгөрөгч онд Буянт–Ухаа орон сууцны хорооллын инженерийн дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд төслөөр хийгдсэн ус дулаан дамжуулах төв нь Буянт-Ухаа 1 хорооллыг ус дулаанаар хангаж байгаа билээ.

Харин энэ онд Нисэх Яармагийн орчимд баригдах шинэ суурьшлын бүсэд босох орон сууцны хорооллуудын цахилгаан, ус, дулаанаар хангах шугам сүлжээний ажлуудыг гүйцэтгэх юм. Тухайлбал “Яармаг” орон сууцны хорооллын 15 км цэвэр усны гол шугам сүлжээ, 14.5 км бохир усны гол шугам сүлжээ, цахилгаан хангамжид зориулан 10 кВ-ын түгээх сүлжээнд ойролцоо тооцоогоор 14.3 МВт чадлын хэрэглээг хангах 10кВ-ын цахилгааны хуваарилах байгууламж 3 иж бүрдэл, 2*400 кВА чадалтай цахилгаан дамжуулах дэд өртөө 36 иж бүрдэл, 37.6 км урт 10 кВ-ын кабель шугамыг татах юм.

Эдгээр ажлуудын гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулах шатандаа явж байна. Инженерийн шугам сүлжээний ажлуудыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа юм.

Яармаг орчмын орон сууцны хороолол нийслэлийн Хан-Уул дүүргийн 5,6,7-р хороог хамарч Яармагийн гэр хорооллын урд талбайд баригдана. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2006 оны 09 дүгээр сарын 06-ны 193 дугаар тогтоолоор 450 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний батлагдсан байна.

Уг хэсэгчилсэн төлөвлөгөөнд багтаж буй Яармаг-I орон сууцны хороолол нь Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт 80 га талбайд 7000 айлын орон сууц, 7200 сурагчтай сургууль, 1800 хүүхдийн цэцэрлэг, өдөрт 1050 үзлэг хийх өрхийн эмнэлэг, 800 ажлын байр бүхий оффисын барилга, 400 ажлын байр бүхий ахуйн үйлчилгээний барилга байгууламж баригдана.

Хурдны зам ашиглалтад орсон үед хөндлөн хонгилын систем барихаар төлөвлөжээ.

Мөн IV цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлын нөөцийг Яармаг орчмын барилгажилтад ашиглахаар дэд бүтцийн төлөвлөлт хийсэн байна.

Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслийн ажлууд хийгдэж дуусахаднийслэлийн иргэдийн 10 хувь нь утаагүй цэвэр орчинд амьдрах нөхцөл бүрдэх ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ