О.Түшиг: Автобусны чиглэлийг тодорхой болгох гомдол их ирсэн

Энэ сарын 31 хүртэл нийтийн тээврийн чиглэлийг өөрчилж, иргэд өдрийн турш 500 төгрөгийн тусгай тасалбараар зорчих юм байна. Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга О.Түшигтэй ярилцлаа.

- Нийтийн тээврийн шинэ үйлчилгээний хүрээнд иргэдэд хэдэн чиглэлд үйлчилж байгаа вэ. Чиглэл бүрт хэчнээн автобус явж байгаа вэ?

-Нийслэлийн Тээврийн газартай албан ёсны гэрээтэй хамтран ажилладаг Том, жижиг оврын автобусны 25 компанийн автобус, микро автобус цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж байна. 500 төгрөгийн нэг тасалбараар нийтийн тээврийн хэрэгслээс гадна төмөр замын RAILBUS-аар өдрийн турш хэдэн ч удаа сэлгэлт хийж, үйлчлүүлэх боломжтой. Туршилтын шинэ үйлчилгээтэй холбогдуулан цагийн хуваарийн дагуу богино эргэлтээр явахын тулд автобусны зарим чиглэлд өөрчлөлт орсон. Энхтайваны өргөн чөлөөн чиглэлд 88 автобус хоёр минутын зайтай, Сэлбэ-Зайсангийн чиглэлд 40 автобус гурван минутын зайтай, Чингэлтэй дүүрэг-Тэц-3-ын чиглэлд 30 автобус долоон минутын зайтай, Нисэх-Дүнжингаравын чиглэлд 20 автобус найман минутын зайтай гэх зэргээр иргэдэд нарийн цагийн хуваарийн дагуу үйлчилж байна. Иргэд өмнө нь ажил, алба амжуулахаар явахдаа өдөрт олон удаа автобус дамжин 1000- 2000 төгрөг зарцуулдаг байсан бол энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр 500 төгрөгөөр бүтэн өдрийн турш зорчих боломжтой. Мөн энэ ажлын хүрээнд өдрийн турш зорчих тасалбарыг борлуулалтад гаргаад байна.

-Иргэд чиглэл, цагийн хуваарийн талаар ямар ч мэдээлэлгүй байна. Автобусны буудал дээр хөл толгой нь мэдэгдэхээ болилоо. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Албан ёсны захирамж энэ сарын 21-нд гарсан. Энэ ажил эхлээд удаагүй болохоор анхаарах хэд хэдэн зүйл байгаа. Автобусны чиглэл, маршрутын мэдээллийг өгөх шаардлагатай байгаа юм. Тээврийн газарт иргэдээс ирсэн санал хүсэлтэд 500 төгрөгийн тасалбар түгээж байгааг сайшаасан сэтгэгдэл их байна гэсэн. Мөн чиглэл тодорхой заагаад өгөөч гэсэн гомдол ч их ирж байна. Гомдлын дагуу бид сая шуурхай хуралдан шинэ төлөвлөлтөө хэрхэн яаж хүргэх вэ гэдэг тал дээр ярилцлаа. Энэ үйл ажиллагаанд нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг иргэн, аж ахуйн нэгж идэвхи санаачилгатай ажиллаж байгаа. Худалдаа хөгжлийн банк иргэдэд шинэчилсэн чиглэлийг хүргэх ажил дээр хамтран ажиллаж байна. Автобусны буудлуудынсүүдрэвчүүдэд шинэ чиглэлийг байршуулсан. Мөн гар утсанд шинэ чиглэлийн апплэкейшн гаргасан. 10 хоногийн хугацаанд үйлчлэх бүх автобусны чиглэлийг иргэд “Google”-ээс татаж аваад хэрэглэх боломжтой болсон.

-Нийтийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг бага оврын микро автобусанд иргэд 500 төгрөгийн тасалбараар үйлчлүүлэх боломжтой юу?

-Нийслэлийн тээврийн газартай нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулсан аж ахуйн нэгж компаниуд 500 төгрөгийн тасалбараар иргэдэд үйлчилнэ. Манайхтай гэрээтэй ажилладаг тээврийн хэрэгсэл дээр “нийтийн тээвэр” гэсэн наалт байдаг. Тэгэхээр иргэдээс мөнгө нэхсэн нийтийн тээврийн аж ахуйн нэгж байгууллагад 250, жолоочид 30 мянган төгрөг хүртэлх торгуулийн арга хэмжээ авна.

-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд автобуснаас автобус дамжиж явах нь түвэгтэй байна гэсэн. Энэ шийдвэрийг гаргахдаа үүнийг бодолцож үзсэн үү?

-Тэдэнд хэцүү л дээ. Хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, шинэчилж байгаагойлгож, дэмжээсэй гэж уриалж байна.

- Зарим автобусанд кондуктор харагдахгүй, тасалбар ч шалгахгүй байна лээ. Энэ шинэчлэлтэй холбоотойгоор кондукторууд ажилгүй болох уу?

-Автобус нь дотор хяналтын ажилтан явж байгаа. Кондукторууд энэ 10 хоногт автобусандаа хянан шалгагчийн үүрэг гүйцэтгэж, иргэдийн тасалбарыг шалган, аваагүйд нь тасалбар борлуулна. Автобусны буудлууд дээр тасалбар борлуулах ажлын дийлэнхийг кондукторуудынхаа хүчээр хийж байна. Цаашид ч кондукторуудын нийтийн тээврийн хөгжилд оруулах үүрэг, хариуцлага нэмэгдэнэ. Тэгэхээр нэг ч кондуктор ажилгүй болохгүй.

-Нийтийн тээврийнхэн хэдэн тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг гэдэг. Тэгэхээр иргэд бүтэн өдрийн турш 500 төгрөгөөр зорчих нь бүр их алдагдалд оруулах юм биш үү?

-Аж ахуйн нэгжүүд алдагдалгүй ажиллахын тулд уралдаж, дур мэдэн маршрут зохиож явдаг асуудал гардаг байсан. Үүнд үнийн систем их нөлөөлж байна. Тэгэхээр өнөөдрийн богино сүлжээ төлөвлөлт нь замын түгжрэлийг бууруулна. Өмнө л гэхэд Энхтайваны өргөн чөлөөний замаар 300 гаруй автобус зорчдог байсан. Тэгвэл одоо 80 автобус явна. Сэлгэн дамжих бүрт 500 төгрөг аваад байвал иргэдийн амьдрал хүнд. Нэг үнийн системээр явуулах гэж л туршиж байгаа.Хамгийн гол нь үнэ орлогодоо биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Дараа нь нийтийн тээврийн компаниуд орлогоо яаж хуваах юм бэ?

-Нийслэлийн Тээврийн газрын дансанд бүх орлогыг төвлөрүүлнэ. Хувийн байгууллагын дансанд оруулахгүй. Дараа нь төвийн шугамд явсан уу, хотын захын шугамд үйлчилсэн үү гэхгүйгээр цаг, чиглэлээ баримталсан уу, үйлчилгээний соёлоо ээшлүүлсэн үү гэх мэт үзүүлэлтийг харгалзан, уг мөнгийг хуваарилах юм. 25 компанийн төлөөлөл, төрийн хяналт шалгалтын байгууллагынхан зэрэгцэж суугаад хуваарилна гэсэн үг. Ингэхээр компаниуд шугамаа булаацалддаг асуудал байхгүй болно.

-Туршилт амжилттай болбол энэ үйлчилгээг цаашид үргэлжлүүлэх үү?

-Эцсийн шийдвэр гаргагч нь зорчигчид. Туршилтын хугацаанд ард түмэн дэмжвэл үргэлжлүүлэх боломжтой. Энэ 10 хоногт бол бид алдагдлаа үүрээд, ард түмэндээ юу чаддагаа, нийтийн тээврийг яаж өөрчилж шинэчлэх боломжтойг харуулах гэж байна. Харин дамжин зорчилтыг үнэгүй байлгах зарчмаа цаашид ч баримтална. Хамгийн гол нь зорчигчдыг удаан хүлээлгэдэггүй, компаниуд орлогын хойноос хөөцөлддөггүй, соёлтой, зорчигчдод аюулгүй болгохын тулд ийм үйлчилгээ нэвтрүүлж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ