Монгол Улс дэлхийн аваргатай боллоо

ОХУ-ын Челябинск хотод өнөөдөр эхэлсэн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан ОУХМ Г.Болдбаатар алтан медаль хүртэж Монгол Улсаас төрөн гарсан гурав дахь дэлхийн аваргаар тодорч байна.
Манай жүдоч эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Туркийн Ахмет Сахиныг иппоноор, Тайванийн Цай Мин Енийг иппоноор, дараалан ялж хэсгийн аваргын төлөө Казакстаны Айбек Имашовыг юко үнэлгээгээр буулган авсан юм.
Шөвгийн дөрөвт манай бөх Гүржийн 2009 оны улсын аварга Амиран Папинашвилитэй барилдаж торгуулиар буулгаж авсан ба алтан медалийн төлөө дэвжээний эзэн орны бөх Беслан Мудрановыг нэг торгуулийн илүүгээр ялж, дэлхийн аварга цолыг хүртээд байна.
Г.Болдбаатар танхим дүүрэн Оросын хөгжөөн дэмжигчдийн шуугианы дор өрсөлдөгч бөхөө буулган авсан. Нэг ёсондоо дэлхийн аваргыг зохион байгуулж байгаа оросуудын тэмцээний эхний өдрөөс алтан медаль авч хошуучилж эхлэх гэсэн хүслийг дарж өрсөлдөгч бөхөө хөгжөөн дэмжигчидтэй нь хамт ялж дэлхийн аварга гэсэн эрхэм алдрын эзэн боллоо.
Ийнхүү манай бөх "Трактор Арена" спорт цогцолборт болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр алтан медаль хүртсэнээр Монголын баг тамирчид нэг алтан медальтайгаар Япон улсын шигшээ багийн дараа хоёрдугаарт бичигдэж эхэллээ. Японы жүдочид нэг алт, нэг хүрэл медальтайгаар дэлхийн аваргыг хошуучилж байна.
Манай жүдоч 2013 оны дэлхийн аварга, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэгийг гуравдугаар тойргийн барилдаанд ялсан бүх Японы аварга жүдоч Ами Кондо учраа бөхчүүдээ ээлж дараалан ялсаар алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 60 кг-д Наохиса Такато хрэл медаль хүртэж ийнхүү япончууд дэлхийн аваргыг тэргүүлж эхэллээ.


Эрэгтэй, 60 кг:
Алтан медаль: ОУХМ Г.Болдбаатар (Монгол)
Мөнгөн медаль: Беслан Мудранов (ОХУ)
Хүрэл медаль: Наохиса Такато (Япон) Папинашвили Амиран (Гүрж)
Эмэгтэй, 48 кг:
Алтан медаль: Ами Кондо (Япон)
Мөнгөн медаль: Паула Парето (Аргентин)
Хүрэл медаль:Бучард (Франц) Лаборде (Куба)
Н.Дорж
Челябинск-2014 Жүдо бөхийн ДАШТ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ