Э.Лувсандаш: “Э” цэг гэдгийг хүмүүс кино үзээд ойлгоно

Реппер Rokit bay-гийн гол дүрд нь тоглосон Эцсийн зогсоол “Э” цэг уран сайхны кино энэ сарын 28-ны өдөр нээлтээ хийх гэж байна. Бид өмнө нь киноны гол дүрийг бүтээсэн Rokit bay-тэй уран бүтээлийнх нь талаар ярьсан бол энэ удаад туслах найруулагч Э.Лувсандаштай киноны талаар ярилцсан юм.
-Сайн кино хийхэд мэдээж зохиол чухал. Кино хэний зохиол вэ?
-Эцсийн зогсоол “Э” цэг киноны зохиолыг ерөнхий найруулагч Б.Ариунболд, зохиолч Г.Аюурзана хоёр нийлж бичсэн. Зохиолыг бодит амьдралаас сэдэвлэн, уран сайхны хэлбэрт оруулан бичиж, өнөөдөр кино болгоод байна. Ямар ч байсан Эцсийн зогсоол Э цэг уран сайхны киног бүтээхээр ажилаж байгаа уран бүтээлчид бид маш том ажлын ард гарч, уртаар амьсгаа авах мөч ойрхон болж байна даа.
-“Эцсийн зогсоол Э цэг” кино танай студын хэд дэхь уран бүтээл вэ?
- “Бэта” интертайнмент, “Эрхэс” интертайнмент гэсэн хоёр студийн хамтын уран бүтээл. Дээрх хоёр студийн анхны уран бүтээл л дээ. “Бэта” интертайнмент болон “Эрхэс” интертайнментийн студын уран бүтээлчид урьд нь тус тусдаа маш олон уран бүтээл дээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс. Ямартай ч энэ хоёр студын цаашид хоорондоо нэгдэж олон уран бүтээл дээр ажиллах суурь нь энэ кино. Миний хувьд Эцсийн зогсоол “Э” цэг киноны хоёрдугаар найруулагчаар ажилласан бөгөөд хоёрдугаар найруулагчаар ажиллаж үзсэн анхны уран бүтээл маань байгаа юм. Анхны кино маань “Эцсийн зогсоол “Э” цэг” байсанд бэлэгшээж байгаа шүү.
-Гол дүрдээ мэргэжлийн бус хүнийг тоглуулсан юм билээ. Мэргэжлийн бус хэдэн хүн энэ кинонд тоглосон бэ?
-Манай киноны гол дүр болох Баярсайхан буюу Pokit bay-гээс бусад нь бүгд мэргэжлийн уран бүтээлчид. Кинонд СУИС-ийг төгссөн залуу уран бүтээлчид тоглосон. Ахмадуудаас гэхээр СТА, жүжигчин Саранцэцэг эгч байна. Үзэгчид Сүнжид багшийн дүрээр нь сайн мэднэ дээ. Жүжигчин Ааяа буюу Алтанцэцэг эгч гээд л сайхан сайхан уран бүтээлчид хамтарч тоглосон.
Аливаа бүтээл ёс зүйтэй байх ёстой. Кинонд нэг хүн мэргэжлийн жүжигчин биш байлаа гэхэд тэр хүн хоёр байж болохгүй. Энэ хүний тойроод хүрээлээд тоглож байгаа хүмүүс нь бүгд мэргэжлийн жүжигчид байлаа гэхэд тэр лаа улам гэрэлтэнэ. Эргэн тойрноо гэрэлтүүлнэ. Тэгэхгүй хоёр гурвaн дуучин ч юм уу, загварын хүн оруулаад уран бүтээл хийвэл гэрэлтүүлж чадах уу үгүй юу. Тиймээс бид гол дүрээсээ бусдыг нь чадварлаг жүжигчид сонгосон. Манай гол дүр дуучин залуу. Түүнийг тойрон хүрээлж тоглох хүмүүс маань мэргэжлийн хүмүүс байж л сайн жүжиглэнэ.
-Уран бүтээлчид бүтээлээрээ дамжуулан нийгэмд ямар нэгэн санааг хүргэхийг зорьдог шүү дээ. Цаашид та бүхэн нийгэмд ямар уран бүтээлүүдийг хүргэхийг зорьж байна вэ?
-Бүтээл болгон заавал нэг хэлэх санаатай байдаг. Манай киноны хувьд үзэгчдэд хүргэх санаа нь нэлээн дөнгүүр, тод томруун гэж бодож байна. Багагүй зүйлийг үзэгчдэд ойлгуулах болов уу. Хэлэх санаа бол нэлээн бий. Ялангуяа залуучуудад юм бодогдуулах талаас нь бид нэлээдгүй ажилласан. Тэр тал дээрээ бусад уран бүтээлээс ялгарах байх гэж найдаж байна. Үзэгчид үзээд л тунгаах байх л даа.
Нийгэмдээ сайнаар нөлөөлөх агуулагатай уран бүтээл хийхийг боддог. Нийгэм бухимдалтай байхад гуниг харуулсан юм хүргээд байя гэж бодохгүй байна. Угаасаа архи дарс, хууралт, хулгай дээрэм, хүчирхийлэл энэ бүх мэдээллийг хүмүүс бүх мэдээллийн хэрэгслээр хангалттай авч байна. Тиймээс одоогийн энэ цаг үед гэгээлэг уран бүтээл, аз жаргалтай бүтээл хийж, үзэгчдийн урам зоригийг сэргээсэн бүтээл л хийх хэрэгтэй. Ер нь бол инээдмийн өнгө аястай уран бүтээл нэлээдгүй хийх санаа байна. Гэхдээ зүгээр л хүн инээлгэх биш, хэтэрхий алиалал биш, ассан гал шиг бүтээл нийгэмд хэрэгтэй байна.
-Яагаад заавал Эцсийн зогсоол “Э” цэг гэж нэрлэсэн юм бэ?
-Киноны нэрийг уран бүтээлчид бид ярилцаж байгаад өгсөн. Амьдрал өөрөө тэмүүлэл, “уралдаан”. Хүн амьдрал дээр мөнхийн “уралдсаар” байгаад л амьсгал хураадаг. Эцсийн зогсоол “Э” цэг гэдэг дээр бага зэрэг тайлбар өгөхөд “Аливаа юм дуусахгүйгээр эхэлдэггүй. Аливаа нэг зүйл дуусаж байж эхэлдэг. Бид хүн төрлийг олж хорвоо дээр ирээд үр удмаа үлдээж, тэднийхээ төлөө амьдарч нас нь болхоор мөнх бусыг үзүүлдэг. Хэн нэгэн хүн энд хорвоог орхин явж байхад эмнэлэгт шинээр хорвоо дээр хүн мэндэлж байдаг. Хорвоод хүүхэд төрсөн цагаас эхлэн амьдрал нь эхэлнэ.
Эцсийн зогсоолын нэг цэг дээр зогсоод цааш юу эхлэх вэ. Тэр цэгээс дахиад юу хөврөн гарах вэ. Дуусах цэг гэдэг бол эхлэх цэг гэдэг санааг л хэлэхийг зорьсон. “Э” цэг гэдгийг хүмүүс кино үзээд ойлгоно. Тэр яагаад заавал “Э” цэг байсан юм. Яагаад А, Б, Г цэг байж болоогүй юм. Гэхдээ энэ оньсого хэвээрээ үлдэг.
-Цаг зав гаргаж ярилцсан таньд баярлалаа.
-Баярлалаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ