Түгээгч бүсгүйг хөнөөсөн этгээд 5 км явган алхжээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын түгээгч бүсгүйн амийг хөнөөсөн онц ноцтой хэрэг энэ сарын 17-18-нд шилжих шөнө гарсан юм.

Гэмт этгээд бүсгүйг хөнөөснийхөө дараа эд мөрийн баримтаа устгахын хяналтын камерын бичлэг хадгалагдаж байсан компьютерын процессорыг авч гаран улмаар урд талын эзгүй байшинд орж, хард дискийг нь салгаж аваад зугтсан байдаг.

Энэ хэргийг ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид аймгийн Цагдаагийн газрынхантай хамтран шалгаж байгаа бөгөөд одоогоор гэмт этгээдийг олоогүй байгаа юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр гэмт этгээд хэрэг үйлдсэнийхээ дараа 4-5 километр явганаар яваад Бугатай даваа орчмоос замын унаанд дайгджээ. Түүний хөлийн мөр Төв аймгийн Бугын сангийн аж ахуй цаана байдаг Бугатай даваа орчмоос тасарсан гэдгийг эх сурвалж хэлж байна.

Гэмт этгээдийг халдах үед тус шатахуун түгээх станцын хоёр сейфний нэгэнд нь 3.000.000 гаруй, нөгөөд нь 2.000.000 орчим сая төгрөг байсан гэдэг. Харин тэрбээр уг мөнгийг авалгүй талийгаачийн биед байсан бэлэн мөнгийг авсан нь хэргийн газрын үзлэгээр тогтоогдоод байгаа юм.

Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ