Монголд 40 насыг давсан бол ажил олоход хэцүү

Өчигдөр “Шинэ зуун-Гэр хороолол” ТББ-аас “Нүүрс хөтөлбөр”-ийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлж, гэр хорооллынхныг хямд нүүрсээр хангах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж,мэдээлэл хийсэн. Өнгөрсөн хоёр жил нүүрс хөтөлбөр хэрэгжиж, гэр хорооллын иргэд 40 кг-аар савласан нүүрсийг 3200 төгрөгөөр авч байв.
Энэ нь амьжиргааны төвшин доогуур өрхүүдэд тодорхой дэмжлэг болж байсан гэдгийг хэвлэлийн хуралд оролцогсод хэлж байлаа. Мөн хөдөлмөрийн зах зээлд насны хувьд шоовдорлогдох болсон дөчөөс дээш насныхан уг хөтөлбөрт хамрагдаж, борлуулагч, ачигч, жолоочоор ажиллаад боломжийн орлоготой болсондоо баяртай байдгаа илэрхийлж байлаа.
700 гаруй хүнийг түр ажлын байраар хангасан уг хөтөлбөрийг удирдаж байсан Л.Гансүхийг барьж хориод зогсохгүй жирийн жолооч, борлуулагч нарыг хүртэл АТГ-аас дуудаж, мэдүүлэг авч эхэлснийг зохион байгуулалттай хэлмэгдүүлэлт хэмээн үзэж байгаагаа, хэрэв “Нүүрс” хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэхгүй бол дараагийн арга хэмжээг авах болно гэдгээ хэвлэлийн хурал зохион байгуулагчид мэдэгдсэн юм.
Мөн тэд “Нүүрс” хөтөлбөрийг зогсоовол иргэдэд 27500 төгрөгөөр нүүрс борлуулах боломжтой хэмээн зарласан АТГ тэрхүү үнээрээ нүүрсээ нийлүүлэхийг шаардав.Энэхүү мэдээллийн мөрөөр ХУД дэх алслагдмал хороо болох 10-р хороог зорин очиж, “Нүүрс” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар сурвалжилснаа хүргэе.
ХУД-ийн 10-р хорооны Засаг дарга А.Бумчмаа: “Нүүрс” хөтөлбөрийн борлуулалтын цэгийг нэмж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй
“Нүүрс” хөтөлбөрийн талаар саналаа хуваалцана уу?
Манай хороонд Морингийн давааны 600 гаруй өрх, Нисэхийн гэр хорооллын 580 орчим өрх багтдаг. Анх 2012 онд Нисэхийн, Морингийн гэсэн хоёр цэг нээгдсэн.Гэтэл 2013 онд Нисэхийн цэгийг хаагаад эндхийн оршин суугчдад 9, 16-р хорооны цэгээс нүүрсээ авч байхыг санал болгосон. Энэ нь зайтай болохоор таксинд мөнгө нэмж төлөх болдог. Ганц, хоёр шуудай нүүрсээ арай гэж авдаг улсад энэ нь хүндрэлтэй байдаг. Тэгэхээр цаашид “Нүүрс” хөтөлбөр үргэлжлэн хэрэгжих юм бол борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх тал дээр анхаараасай гэж хүсч байна. “Нүүрс” хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө иргэд маань шар торны дайтай жижигхэн уутанд хийсэн, 10 кг хүрэхгүй жаахан нүүрсийг 4000-5000 төгрөгөөр авдаг байсан. Харин энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр иргэд гэрийнхээ дэргэдээс шахуу хямд үнэтэй нүүрс авдаг болсон. Тиймээс энэ хөтөлбөр цаашид үргэлжлээсэй гэж маш олон хүн хүсэн хүлээж байгаа.
Борлуулалтын цэг дээр ажиллах хүмүүсийг хаанаас, яаж сонгосон юм бол?
Борлуулалтын цэг дээр ажиллах хүмүүст тодорхой шаардлага тавьсан. Юуны өмнөборлуулах цэгийн байршлыг харгалзан үзсэн. Тухайн хорооны иргэдэд хаа, хаанаасаа хамгийн ойр, тэгш газартай байх нь чухал. Хоёрдугаарт, хорооныхоо иргэдийг сайн мэддэг байх нь давуу тал болно. Учир нь ашиг олох зорилгоор их хэмжээгээр авах гэсэн гадны хүмүүсийг танина гэсэн үг. Гуравдугаарт, согтууруулах ундаа хэрэглэдэггүй, борлуулалтын орлогоо үрэгдүүлж, дутаалгүйгээр дор, дор нь тооцоогоо хийгээд байх чадвартай, итгэл даах хүн байх ёстой. Дөрөвдүгээрт, тодорхой эрхэлсэн ажилгүй байх. Эдгээр болзлыг хангасан иргэдийг хорооны Засаг даргын зүгээс дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст санал болгож, тэндээс гарсан шийдвэрийн дагуу борлуулагч нар маань ажилдаа орсон. Эхлээд хоёр сар туршилтын хугацаа өгсөн бөгөөд энэ хооронд элдэв асуудал үүсгээгүй бол гэрээг нь сунгаж ажилладаг.
10-р хороон дахь 14-р цэгийн борлуулагч Б.Оюунцэцэг:
40 насыг давсан бол ажил олоход хэцүү
Нөхөр бид хоёр энэ хөтөлбөрт хамрагдаж, 14-р цэг дээр ажилласан.Манай хүн ачигч, би өөрөө борлуулагч хийдэг. Борлуулагч, ачигч нийлээд 900.000 төгрөгийн цалин авдаг. Бид хоёулаа групптэй болохоор энэ мөнгө амьдралд маань маш их дэм болдог. Групптэй бидэнд байтугай эрүүл чийрэг хүмүүс ч 40 насыг давсан бол ажил олоход хэцүү болсон шүү дээ. Гэтэл энэ хөтөлбөр цаанаасаа дөчөөс дээш насныхныг ажлын байраар хангана гээд заачихсан юм билээ. Ер нь нүүрс хөтөлбөрт хүмүүс их ам сайтай байдаг л даа. Саяхан телевизүүдээр баахан нэвтрүүлэг гарсан, дараа нь сайд байсан Л.Гансүх баривчлагдсан болохоор энэ жил зогсчихгүй байгаа даа гэсэн айдас хүмүүсийн дунд нэлээд байналээ, нөгөө хямдхан нүүрсээ энэ жил зарах уу гэж их асуудаг. Бид бол энэ хөтөлбөрийг үргэлжлээсэй л гэж хүсч байгаа. Зөвхөн өөрсдийнхөө төлөө үүнийг хэлж байгаа юм биш, хамгийн гол нь хүмүүст хямд нүүрс хэрэгтэй шүү дээ.
Иргэд голдуу хэдий хэмжээгээр худалдаж авдаг вэ, борлуулалт хэр байсан бэ?
Хөтөлбөр анх хэрэгжиж эхлэх үед нэг хүнд нэг удаа таван шуудайгаас ихгүйг талоноор өгдөг байсан. Хүмүүс их хэмжээгээр аваад цааш дамлан худалдахаас сэргийлсэн байх. Яваандаа үүнийг цуцалсан. Үнэндээ гэр хорооллынхон маань тэр бүр машинаар нь эсвэл хэд, хэдэн шуудайгаар аваад байж чаддаггүй л дээ. Гэхдээ хямд үнэтэй болохоор хөтөлбөрийн нүүрсийг л голдуу сонгож авдаг, борлуулалт ч сайн. Нэг өдөрт дээд тал нь 250 шуудай зарж байсан.
10-р хорооны өндөр настан Т.Дуламсүрэн:
Багануурын нүүрс цогшилт сайтай болохоор дулаанаа удаан барьдаг
Та “Нүүрс” хөтөлбөрийн талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ? Багануурын нүүрсийг хэрэглэдэг үү?
Манайх сүүлийн хоёр жил Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн нүүрснээс худалдаж авч хэрэглэсэн. Энэ хөтөлбөр иргэдэд, нэн ялангуяа хүн хүч муутай өндөр настнуудад маш их хэрэгтэй. Бид чинь хол явж авч чадахгүй, дээр нь их хэмжээгээр худалдаж авч чадахгүй. Гэтэл гэрт ойр, тэгээд жижиглэнгээр хэрнээ бөөний үнэтэй адилхан хямд үнээр нүүрс олдож байгаад талархаж байгаа.Нүүрсний чанарын тухайд цогшилт сайтай болохоор дулаанаа удаан барьдаг. Эхний жилдээ илүү сайн байсан. Энэ жилийнх нь зарим шуудайндаа мэр сэр том чулуурхуу хог холилдчихсон байсан. Магадгүй шигшиж ялгаж байгаа хүмүүс нь хайхрамжгүй ажилласан байх. Цаашид үүнийгээ анхаарч, засч залруулаасай гэж хүсч байна. Гэхдээ хувь хүмүүс худалддаг нүүрстэй харьцуулахад хавьгүй илүү ашигтай л даа. Нэг авахдаа гурван шуудайгаар аваад, ес хоног хэрэглэдэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД