Нийтийн тээврийн шинэчлэлийг ингэж хийнэ

Нийтийн тээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэн сайжруулах ажлын хүрээнд энэ сарын 22-31-нийг дуустал өдрийн тасалбар бүхий богино рейсийн туршилтыг үргэлжүүлж байна. Туршилтын хугацаанд эхний өдөр иргэд шинэ үйлчилгээнд бэлэн бус байсан учир бухимдал гомдол гаргаж байсан.

Тэгвэл өнөөдөр хямдхан, шуурхай, соёлтой, иргэдээ хүндэтгэсэн үйчилгээг авахыг хүсэх болсон. Тиймээс туршилтаас авсан туршлагаараа энэхүү үйлчилгээгээ сайжруулан цаашид үргэлүүлэхийг хүсэх болсон. Хотын хөгжил нийтийн тээврээс эхэлдэг гэдгийг хэлж буй албаныхан туршилтын үйлчилгээний үр дүн, цаашид хийх ажлынхаа талаар хэрхэн тайлбарласныг тоймлон хүргэж байна.

Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл:

-Нийслэлийн нийтийн тээврийг шинэ шатанд гаргах гэж буй энэ үйлчилгээг дэмжиж, алдагдлыг тооцохгүйгээр бидэнтэй хамтран ажиллаж байгаа нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч нартаа нийслэлчүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Дэлхийн тоомоохон хотууд нийтийн тээврээ хөгжүүлж чадсанаар хотоо хөгжүүлж, иргэдийнхээ амьдрал ахуйг сайжруулж чадсан байдаг. Тэгэхээр нийтийн тээврээ хөгжүүлэхгүйгээр хот хөгжихгүй. Нийгмийн захиалгат үйлчилгээ болсон нийтийн тээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх шинэ үйлчилгээний туршилт цаашид хийх олон ажлын эхлэл болж байгаа.

Нийтийн тээврийн газрын дарга Ч.Энхбат:

Ирэх жилээс нийслэлийн нийтийн тээвэр GPS-д холбогдож иргэд төлбөрийн ухаалаг системд шилжинэ. Тэр үед нийтийн тээврийг дахин төлөвлөлт хийх зайлшгүй шаардлага гарна. Энэ шинэчлэлийн эхлэл болгож бидтуршилтын 10 хоногийг хэрэгжүүлж байна.

Нийслэлийн засаг даргын орлогч Н.Гантөмөр:

-Ирэх жилээс иргэд нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр үйлчлүүлэх шаардлагагүй болно. Иргэд нийтийн тээврийн 7 хоногийн, сарын цэнэглэгч бүхий хөнгөлөлттэй карт худалдан авч үйлчлүүлэх болж байгаа. Энэ нь олон улсын нийтийн тээврийн жишиг стандарт юм.

“Автобус-1" компанийн захирал Ц.Одонтунгалаг:

-Өдөрт 35 чиглэлийн 300 гаруй автобус хотын төв зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр явдаг. Энэ нь замын ачаалалд сөрөгөөр нөлөөлдөг байсан.

Тэгвэл өнөөдөр туршилтын 10 хоногийн хугацаандчиглэлүүд давхцахгүй, автобус бүр Энхтайваны өргөн чөлөө рүү чихэлдэхгүй байхаар шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн. Богино зайнд шуурхай эргэлт хийдэг энэ туршлагыг олон улсад туршаад хэрэгжүүлээд амжилттай хэрэгжүүлсэн. Бидний хувьд олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ