MCS иргэдээр тохуурхаж байна

Үндэсний томоохон компани гэгддэг MCS компанийн иргэдийн эрх ашгийг уландаа гишгэсэн нэгэн хэрэг бараг хоёр жил гаруй дамнан үргэлжилж байна. Компанийн хариуцлага, ёс зүй ярих дуртай МCS хэмээх асар том компани үнэндээ бусдын эрх ашгийг огтхон ч хайхран үздэггүй, цаашилбал Монгол Улсын хууль тогтоомж заавар журмыг ч биелүүлдэггүй, дархлагдсан гэдэг нь энэ хэргээс харагдаж байгаа юм.

Хэргийг сануулахад Хуримын ордны орчим Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад Монголын ард түмнээс бэлэглэсэн барилгыг MCS өндөр үнээр худалдаж авч, зөвшөөрөлгүйгээр барилгын ажлаа эхлүүлсэн.

Хэзээнээсээ л цэцэрлэг, парк руу хүч түрэн дайрч орж барилга барьдаг уламжлалтай MCS энэ удаа 28 айлын байрны нарыг халхлан, хамар шүргэм зайд барилгын ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн жилийн хавар балагт МCS-ийн барилгын ажлаас болж Олимпийн 9-р байрны хананд цууралт үүсч оршин суугчид нь эсэргүүцэн тэмцэж байсныг та бүхэн санаж байгаа байх.

Харамсалтай нь өнөөдрийг хүртэл MCS-ийнхэн оршин суугчдын гомдлыг хүний урманд тоомсорлосонгүй, барилгын ажлаа үргэлжлүүлсээр. Ийн хүчирхэг MCS-ийн барилгад “дарагдсан” таван давхар байрны 28 айл өрх, 100 гаруй иргэн шүүх, хууль, мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан ч хэрхэхээ мэдэхгүй байдалд ороод байна.

Уг нь энэ барилга хотын төвийн А зэрэглэлийн байрлалын үнэ цэнэ бүхий өмч хөрөнгө, айл гэрийн голомт байсан бол өдгөө нар нь хаагдсан, хана нь цуурсан, байнгын барилгын ажлын дуу чимээнд иргэд нь амарч чаддаггүй, цонхоор нь хэзээ хэзээгүй нураад ирж ч магадгүй кран сэрийлдсэн барилга болоод байна.

Ийн MCS-ийн балгаар үнэгүйдэж байгаа барилгын оршин суугчдыг MCS-ийнхэн харин ч бүр тохуурхаж, нэгэнт танай байр үнэгүйдэж байгаа бол метр квадрат тутмын зөрүүнд таван мянган ам.доллар төлөөд манай шинэ баригдах барилгад орвол ор гэж “санал болгож” байгаа аж.

Тохуурхаж байгаа MCS-ийн хууль бус үйл ажиллагааг нотлуулахаар оршин суугчид шүүхийн байгууллагад хандаад байгаа бөгөөл нарийвчлан ярих юм бол MCS хууль зөрчсөн, цаашилбал хуулийг огоорон зөвшөөрөл олгосон хотын захиргаа, мэргэжлийн хяналт, Барилга, хот байгуулалтын яамныхны хууль зөрчсөн үйлдлүүд ч үүгээр сөхөгдөх бололтой.

Эндээс үүдэн Монголд MCS компанид хууль үйлчилдэг гэж үү хэмээн иргэд бухимдан асууж байна. Мөн зохих байгууллагууд MCS-ийн хууль зөрчсөн үйлдлүүдэд хариуцлага тооцох байх гэж найдаж байгаа юм.

Мэдээж хэрэг ямар ч үнэ цэнээс илүүтэй Монголд Улсын үндсэн хуулиар баталгаажсан. Иргэдийн тайван, айдасгүй амьдрах, гэр бүл, үл хөдлөх хөрөнгөө хамгаалах эрх юу, юунаас илүүтэй зөрчигдсөн хэвээр байна. Бид цаашид үйл явцыг үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Б.Тулга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ