Зүрхээр наадагчид "Яг л Холливудынх юм шиг" гэсэн үнэлгээг авч чаджээ
Тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа "Зүрхээр наадагч" кино театруудын үзлэгээр орж "Яг л Холливудынх юм шиг" хэмээх үнэлгээг авсан талаар өнөөдөр хэвлэлийнхэнд хандсан тус киноны уран бүтээлчид онцоллоо.
Киноны зохиолыг МУСТА А.Ганчимэг бичсэн. Ерөнхий найруулагчаар МУГЖ У.Уранчимэг, зургийн даргаар МУСТА Д.Ганцэцэг, ерөнхий зураачаар Ц.Хүрэлбаатар, ерөнхий зураглаачаар Б.Отгонзориг нар ажилласан байна.
Энэхүү уран бүтээлийнхээ талаар МУГЖ У.Уранчимэг "Зүрхээр наадагч" хэмээх нэр хөнгөхөн сонсогдож мэдэх ч, киног үзсэнийхээ дараа үнэхээр "Зүрхээр наадагч" юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх болно хэмээн ярилаа.
Зохиол нь яг одоо цаг дээр бичигдсэн энэ кино өнчин хүүхдүүд энэ нийгмийн золиос болж байгааг харуулах бөгөөд айл гэр бүр элэг бүтэн байгаасай гэсэн санааг дэвшүүлжээ.
Зүрхээр наадагч кино энэ сарын 5-ны 16 цагт нээлтээ хийнэ. Нээлтийн ёслолын үеэр мэдээж улаан хивсний ёслол болно гэдгийг мэдэгдлээ. "Хувьсал" продакшныхан 3 дахь уран бүтээлийнхээ бэлтгэл ажилд оржээ. Тэдний дараагийн уран бүтээлийн зураг авалт 11 дүгээр сард эхэлнэ.
Монголд бол урьд өмнө гарч байгаагүй бүжгийн тулаан энэ кинонд гарна. Зургаан минут үргэлжлэх бүжгийн тулааны хэсгийг хийхийн тулд 45 хоногийн бэлтгэл хийсэн гэдгийг киноны Ерөнхий найруулагч МУГЖ У.Уранчимэг хэллээ.
"Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киноны зохиолыг МУСТА Д.Ганцэцэг бичсэн бол "Зүрхээр наадагч" МУСТА А.Ганчимэгийн зохиол. Энэ үүднээсээ "Үеийнхэн дундаа байхгүй онцгой мэдрэмжтэй бүсгүйчүүд" хэмээн МУГЖ У.Уранчимэг хамтран зүтгэгчдээ үнэллээ.
Гол дүрийн жүчигчин, Азийн топ модель О.Мөнхдалай. Түүний хувьд анх удаа дэлгэцийн уран бүтээлд тоглож байгаа. МУГЖ У.Уранчимэгээс багагүй зөвлөгөө авч, хичээж тоглосноо хэллээ.
Гол дүрийн жүжигчин О.Мөнгөнсолонго. Архангай аймгийн ХДТ-ын уран бүтээлч залуу "Хувьсал"-ынханд тоогдож, хамтран ажиллажээ.
"Зүрхээр наадагч"-ын Ерөнхий зураач Ц.Хүрэлбаатар. Монголдоо Холливудын зэрэгт хүрэхүйц уран бүтээл хийх гэж хичээсэн.
Ерөнхий зураглаач Б.Отгонзориг "Хувьсал"-ын уран бүтээлүүдийн нэг эд эс.
www.mnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ