Өөрийх нь амьдрал л болж байвал ариун нандин гэр бүл салж сарних нь хамаагүй гэх юм
Сайн байна уу бүсгүйчүүд ээ.
Өөрт байгаа зовлонгоосоо хуваалцах гэсэн юмаа. Би хань ижилтэйгээ гэр бүл болоод өнөөдрийг хүртэл 15 жилийн хугацаанд хоосноосоо баян тансаг амьдрал хүртэл хамтдаа зовж хамтдаа бүтээсээр ирсэн билээ. Гэтэл нэг л өдөр энэ амьдрал минь орвонгоороо эргэдэг юм байна. Би 3 сартай жирэмсэн байхдаа нөхрөө О гэгч энэ бүсгүйтэй гэр бүлээсээ гадуур хамтран амьдарч хүүхэд хүртэл гаргасныг мэдсэнээр аз жаргалтай амьдрал минь зовлон гунигтай амьдралаар солигдсон юм.
Яагаад өөр хүнтэй хамтран амьдарч байхад мэдээгүй юм бэ? гэж та бүхэн гайхах л байх. Учир нь нөхөр маань ажлын онцлогоос болж нэг өдөр нь ажил дээрээ хонож нэг өдөр нь гэртээ байдаг байлаа. Энэ байдал нь дасал болж ажлаа л хийж байгаа гэж бодсоор явтал нэг өдөр нь гэртээ нэг өдөр нь өөр хүнтэй амьдраад 3 жил болсон байжээ. Би гэж эргүү хүн нөхөр минь надаас өөр хүнийг хайрлана гэдгийг мэдэхгүй хэтэрхий сохроор хайрлаж итгэж явсан минь өнөөдрийн миний зовлонт амьдралын үндэс болжээ.
Би нөхрөө О гэгч энэ эмэгтэйтэй амьдардаг хүүхэд хүртэл гарсан гэдгийг мэдээд нөхөртөө мэдэгдэн “гэдсэн дэх хүүхдээ авахуулаад салий” гэж хэлсэн ч, нөхөр минь “чамаасаа салахгүй” гэж аргадан гуйсаар надтай үлдсэн юм. Би чамаасаа салахгүй гэж хэлсэн нөхрийхөө худал үгэнд итгэж энэ Сарангэрэл гэгч эмэгтэй өөдгүй нөхрөөс минь болоод амьдралдаа алдаа гаргалаа даа. Нэгэнт төрсөн хүүхдийн буруу гэж юу байхав дээ. Энэ хүн хөөрхий амьдралаа бодог гэж бодон гаргасан хүүг нь хүртэл өсгөж өөрийн юм шиг хайрлий гэж өөрөөсөө зөрөн байж шийдэж байсан нь саяхан. Гэтэл энэ эмэгтэй жилийн турш намайг элдвээр хэлж утас руу минь байнга мессеж бичин намайг зовоосоор байсан бөгөөд эр нөхөр минь хүүхэд рүүгээ гүйх нэрээр уулзсаар байсан юм. Би энэ зовлонт амьдралтай тэмцэж нөхрөө очихоо больчих байх гэж итгэсээр охиноо төрүүлсэн билээ. Төрсөн өдрөөсөө эхлээд зовлон шаналал минь бүр нэмэгдсэнээр 7 хоноход л хөхний сүү татарчихсан. Одоо бол энэ хүүхэн бүр цагаандаа гарч ажил дээр нь очиж суучаад “хүүгээ хойд эцгийн гар харуулахгүй ээ, намайг эндээс яв гэвэл би явлаа” гээд сууж байх боллоо.
Энэ эмэгтэйн даварсан байдлыг хууль эрх зүйн талаас нь яаж зохицуулдаг талаар би олон судалгаа хийж хууль журманд юу гэж заасныг судласан боловч иймэрхүү нийгмийг нөмрөөд байгаа эмгэнэлт явдал /мөнгөтэй эрийн энгэрт наалдаж гэр бүл үймүүлж, үүнийгээ зөв зүйл хийсэн мэтээр ойлгож, нэг талаасаа хүүхдүүдийг өнчрүүлж, нөгөө талаасаа дагавар хүүхэд үүсэх/-ыг хуулиар зохицуулах гэр бүлийг хамгаалах эрх зүйн бичиг баримт гэж байдаггүй гэдгийг ойлгосон. Энэ нь даанч харамсалтай санагдсан.
Одоо ч би нөхөртэйгөө цаашдаа амьдарч чадахааргүй хүнд байдалд орсон ба 2 охиноосоо эцгийг нь байлгаж чадаагүйн төлөө өдөр бүр уучлалт гуйж амьдрахаас өөр сонголт үлдсэнгүй дээ. Дөнгөж төрсөн үр минь 2-хон сартай. Даан ч харамсалтай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ