Тэр эмч есөн жилд ердөө 15 өдөр ажилласан байна

Италид нэг эмч есөн жил алба хашихдаа ажлын байрандаа ердөө 15 өдөр байжээ. “The Telegraph” сонинд бичсэнээр, эмч ажил хийхээс яаж ийгээд хууль ёсоор зайлсхийж дөнгөдөг байсан бөгөөд тодруулвал тэр энэ бүх хугацаанд дамжаанд сурч, амралт авч, эмнэлэгт хэвтэж байсан байна.
Ингэхдээ тэр цалингаа бүтэн авч байжээ. Сицилийн энэ эмч мэргэжлийнхээ дагуу Катания мужийн нэг эмнэлэгт 2005 онд ажилд оржээ. Яг тэр өдрөө их сургуулийн дамжаанд сурахаар явсан байна.
2008 оны аравдугаар сарын 31-нд ажилдаа буцаж орсны дараа тэр гэр бүлийн шалтгаанаар цалинтай чөлөө олгохыг хүсч, энэ чөлөө 2009 оны тавдугаар сар хүртэл үргэлжилжээ. Тэгээд яалт ч үгүй буцаж ирмэгцээ эмнэлэгт 15 өдөр ажилласан ч, дараа нь 2009 оны долдугаар сар хүртэл эмнэлгийн хуудас авсан байна.
Биеэ эмчлүүлсний дараа мань эмч их сургуулийн бас нэг дамжаанд сурч, үүндээ мөн оны зургадугаар сар хүртэл явжээ. Одоо тэр 2016 оны арванхоёрдугаар сар гэхэд докторын зэрэг авах бодолтой байгаа гэнэ. Ажил дээрээ байдаггүй эмчийг ажилд нь оруулах гэж нэг бус одоо оролдож байсан ч, энэ бүх хугацаанд хуулийн хүрээнд л ажлаа хийдэггүй байсан гэж 50 настай энэ эмчийн ажилладаг эмнэлгийн ерөнхий эмч дурджээ.
Намайг ажил хийхээс залхуурдаг хэмээн зэмлэдэг нь шударга бус гэж мань эмч хэлсэн байна. Ажилдаа ороход миний олж авсан мэдлэг эмнэлэгт тус болно гэж тэр хэлжээ. Гэсэн ч ийм байдлыг Италид ажил хийхгүй аргалаад байхын тулд хуулийн элдэв цоорхойг олдог Италийн төрийн олон мянган албан хаагч тун тааруухан ажилладгийн жишээ хэмээн үздэг байна. Үүнтэй холбогдуулан тус орны эрх баригчид мөрдөн шалгалт явуулахаар болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ