Сарангэрэлийн дуулианд нэр дурдагдаж байсан хурандаа нарыг ажлаас чөлөөллөө

ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав өнгөрсөн баасан гаригт ажлаа хүлээж аваад, даргын зөвлөлийн гишүүдээ хуралдуулжээ. Энэ хурлаар зарим газар, хэлтсийн бүтцийг шинэчлэхээр болсон байна.
Тухайлбал, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар гэх нэгжийг өөрчлөхөөр болсон гэнэ.
Түүгээр зогсохгүй ЗБГХТГын дарга, хурандаа Ц.Батсүх, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ.
Албан бус эх сурвалжийн хэлснээр Ц.Батсүх, Н.Ууганбаяр болон ЭЦГ-ын дэд дарга Б.Ариунболд нарыг цагдаагийн байгууллагаас халсан гэх мэдээлэл байна.
Ц.Батсүхийн оронд ЗБГХТГ-ын даргаар, ЦЕГ-ын Мэдээлэл судалгааны төвийн даргаар ажиллаж байсан хурандаа Ц.Арвинбуудайг, Мөрдөн байцаах газар хариуцсан даргаар ЦЕГын Боловсон хүчин, хүний нөөцийн хэлтсийн дарга асан, хурандаа Б.Амгаланбаатарыг, Эрүүгийн цагдаа хариуцсан даргаар Дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Энхбаярыг томилсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ