Эзэндээ тэрсэлсэн хурандаа нарыг шалгаж эхэллээ

ЦЕГ-ын шинэ дарга тэргүүн комиссар С.Баатаржав Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрыг хуралдуулж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн эсрэг хөдөлсөн гэх хурандаа нар болон зарим газар хэлтсийн дарга нарыг шалгах үүрэг чиглэл өгсөн.

С.Баатаржав шалгах үүрэг чиглэл өгөөд зогсохгүй Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, Эрүүгийн цагдаагийн газрын дарга, хурандаа Н.Ууганбаяр, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлөх тушаал гаргажээ.

Ц.Батсүх, Н.Ууганбаяр, Х.Доржсүрэн нарыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдын суудлаас унагахын тулд 19 настай Г.Сарангэрэл охиныг “өгөөш” болгон ашигласан гэдэг. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 2-ны шөнө Г.Сарангэрэл нарын дөрвөн охиныг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи хэрэглэж байхад нь эрүүгийн цагдаагийн ажилтнууд саатуулсан байдаг.

Улмаар цагдаагийн байгууллагаас Г.Сарангэрэлийн утаснаас Хууль зүйн сайд Х.Тэмүүжин руу 70 80 удаагийн дуудлага хийгдсэнийг тухайн оператор компаниар нь шүүлгүүлэн тогтоосон юм. Харин уг дуудлагыг Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар эрүүгийн цагдаагийн ажилтнуудын хийсэн зохион байгуулалттай ажиллагаа гэж мэдэгддэг.

Учир нь Г.Сарангэрэлийг хар тамхи хэрэглэж байхыг үйлдэл дээр нь баривчилсан цагдаа нар биед нь үзлэг хийж, бүх эд зүйлийг нь хураан цагдаагийн хэлтэст саатуулсан гэдэг. Тиймээс Г.Сарангэрэлд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин рүү залгах ямар ч боломжгүй. Эрүүгийн цагдаагийн ажилтнууд утсыг нь хураан авч, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин рүү олон удаагийн дуудлага хийсэн гэж мэдэгддэг юм.

Энэхүү асуудлыг шалгуулахаар хурандаа нарыг ЦЕГ-ын шинэ дарга С.Баатаржавын тушаалаар ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэст шалгаж байна. Мөн хурандаа нар ТЕГ-т давхар шалгагдаж байгаа юм.

Ийнхүү ЦЕГ-ын шинэ дарга С.Баатаржав анхны тушаалаараа Хууль зүйн сайдын эсрэг хөдөлсөн гэх хурандаа нарыг чөлөөллөө. Улмаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ЦЕГ-ын Мэдээлэл судалгааны төвийн даргаар ажиллаж байсан хурандаа Ц.Арвинбуудайг, Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх мэргэжлийн ахлах мэргэжилтэн Д.Энхбаярыг, Мөрдөн байцаах газрын даргаар ЦЕГ-ын Боловсон хүчин, хүний нөөцийн хэлтсийн дарга асан, хурандаа Б.Амгаланбаатарыг томилжээ.

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар томилогдсон хурандаа Ц.Арвинбуудай нь өмнө нь ЦЕГ-ын дарга асан, генерал Д.Сандаг-Очирын үед УМБГ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, харин сүүлийн хэдэн жил ЦЕГ-т Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хийж байжээ.

Харин Эрүүгийн цагдаагийн газрын даргаар томилогдсон Н.Энхбаяр нь Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, Булган аймгийн цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм байна.

Мөрдөн байцаах газрын даргаар томилогдсон Б.Амгаланбаатарын хувьд Хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлсэнээс болж албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан гэж байна. ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга, Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсийн дарга, Сонгинохайрхан дүүргийн мөрдөн байцаах газрын даргаар ажиллаж байжээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ