Тахарын алба шүүхийн дэг хуралдааныг хянан зохицуулна
Тахарын алба есдүгээр сарын 1-нээс шинэ үйл ажиллагаа хэрэгжүүлж эхлээд байна. Нийслэлийн хэмжээнд сэжигтэн ялтнуудыг хуяглан хүргэх, шүүх хуралдааны дэг сахиулах, харуул хуягийн ажлын чиг үүргийг албан ёсоор авч ажиллаж байна.
Сэжигтэн ялтнуудыг хуяглан хүргэх, харуул хуягийн ажлыг цагдаагийн байгууллага, шүүх хуралдааны дэг сахиулах ажлыг шүүхийн байгууллага хариуцан ажиллаж байсан юм. Тахарын алба нь шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хамгаалах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа оролцогчийг албадан ирүүлэх, эрэн сурвалжлах, мөрдөн шалгах үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Тиймээс цагдаа, шүүхээс энэхүү чиг үүргүүдийг албан ёсоор авч ажиллахаар болжээ.
Энэхүү үйл ажиллагааг 10 дугаар тойргийн Тахарын 150 гаруй ажилтан, алба хаагч хэрэгжүүлэн ажиллах юм. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мөрдөн байцаалт, шүүхийн шатанд оргон зугтсан этгээдүүдийг эрэн сурвалжлах чиг үүргийг авч ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд оргон зугтсан 44 иргэнээс 12 иргэнийг сарын дотор илрүүлэн ажиллажээ.
Тахарын алба 59 шүүхийн 44 байрыг 24 цагийн турш дөрвөн ээлжээр хамгаалалтад авч ажиллаж байна. Мөн тавдугаар сараас хойш гэрч, хохирогч, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах ажлыг эхлүүлэн 17 хүнийг хамгаалалтад авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ