Чингисийн талбайд В.Путиныг угтаж ёсоллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатарын цагаар 14.25 цагт Монголд газардсан. Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг угтан авсан юм.
Яг одоо ОХУ-ын ерөнхийлөгчийг Чингисийн талбайд угтах ёслол болж байна. Хоёр орны төрийн дуулал эгшиглэж Төрийн тэргүүн нар дурсгалын зураг татуулж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийг дагалдан тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Трутнев, Эрчим хүчний сайд Александр Новбак, Алс дорнодын хөгжлийн сайд Александр Галушка, төрийн өмчийн РЖД буюу “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч Владимир Якунин болон бизнесийн салбарыг төлөөлж Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Дмитриев, “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин, хөнгөн цагаан үйлдвэрлэлийн “Русал” компанийн тэргүүн Олег Дерипаска нарын хүмүүс ирсэн юм.
Чингисийн талбай дахь угтах ёслол дууссаны дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар ганцаарчилсан уулзалт хийнэ. Үүний дараа төрийн тэргүүнүүд албан ёсны хэлэлцээ хийж Монгол, Оросын харилцаа хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ