Хүүхдийн паркийг 500 мянган төгрөгөөр торгожээ

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Бодь группын харьяа хүүхдийн парк байнга шахуу асуудал дэгдээж эцэг эхчүүдийн толгойг өвтгөдөг.

Нийгмийн бухимдлаас холдож хүүхэд багачуудаа салхилуулан наадуулж аз жаргал амсдаг тэр газар одоо таны хүүхдийн аминд хүрч болзошгүй болсон.

Өнгөрсөн долдугаар сарын 24-нд паркийн галзуу хулганы тоормос ажиллаагүйгээс осол гарах шахаж 16 хүн бэртэж гэмтэх дөхсөн юм. Тэрхүү асуудалтай холбоотойгоор Мэргэжлийн хяналт зэрэг холбогдох байгууллагын ажилтнуудын хийсэн шалгалтаар паркийн үйл ажиллагаа хангалтгүй хэмээн дүгнэж 500 мянган төгрөгөөр торгосон тухай мэдээллийг өчигдөр хийлээ.

Тодруулбал наймдугаар сард эхэлсэн нэгдсэн шалгалтын дүнд үндэслэн Захиргааны хариуцлагын хуулийн дагуу 500 мянган төгрөгөөр торгосон аж.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандоржийн хэлснээр "Гол нь тоглоомуудын аюулгүй ажиллагаа, техникийн үзүүлэлт харьцангуй гайгүй, харин хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудал, хөдөлмөрийн гэрээний асуудал, тоглоомууд дээр ажиллах мэргэжлийн боловсон хүчний асуудал нэлээн асуудал дагуулж байгаа. Үүн дээр бид хугацаатай албан шаардлага өгч ирэх 2015 оны хаврын нээлт хүртэл зөрчлөө арилгах үүрэг өгсөн" гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ