Ард түмэн бус улстөрчид хогоо цэвэрлэх хэрэгтэй

Манай улс хагас сарын дотор стратегийн түншлэлийн хэмжээнд өмнөд хөрштэйгөө 24, хойд хөрштэйгөө 20 гэрээ, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Улс баялгийн хараалд өртсөн Африк эсхүл Өмнөд Америкийн аль нэг улс бус, газарзүйн онцлог бүхий стратегийн чухал байрлалд оршдог геополитикийн чадварлаг тоглогч болохоо эдгээр айлчлалын үеэр дэлхий нийтэд харууллаа.
Энэ нь хоёр их хөрштэйгөө эн тэнцүү харилцаж, харилцан ашигтай гэрээ хэлцлүүдэд гарын үсэг зурснаар батлагдаж байна.
Гэхдээ хоёр төрийн тэргүүний айлчлалаар бидэнд өгч буй анхааруулга дээрх ашигтай гэрээ хэлцэл бүхий сайхан мэдээнүүдийн ард дагаастай.
Энэ нь мэдээж хэрэг улстөрийн тогтвортой байдлаас гадна муу муухай бүхнээ шүүрдэн хаяж, амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхчихэлгүй ажиллах ухаалаг төр засагтай байх шаардлага хүссэн хүсээгүй үүсэж байгааг хэлж буй хэрэг.
Хятадын дарга Си Зиньпин улс орондоо бугшаад байсан авлигын асар том үүр уурхайг задлан хаяж, хүчтэй тэмцэл өрнүүлж байгаа. Үүгээрээ ч олон улсын төдийгүй ард иргэдийнхээ талархлыг хүлээж яваа улстөрч. Харин хойд хөршийн тэргүүн В.Путины хувьд хэзээний авлигад идэгдсэн олигархууд, тэдний гаргасан шударга бус явдлын эсрэг хийж буй тэмцлээрээ алдаршиж эх орондоо олон шинэчлэл хийсээр ирсэн.
Авлигын эсрэг зүтгэлтнүүдийн манай улсад өгч буй боломжийг ашиглахын тулд бид авлигатай тэмцэх замаасаа хазайх ёсгүйг сануулах нь илүүц бизээ. Хэдийгээр гэрээ, хэлцлүүд өнөө маргаашгүй үр дүнгээ өгөхгүй, ихээхэн хөдөлмөрийн дүнд шимээ өгөх ч удаан хугаццааны түншлэл, итгэлтэй харилцаа, хамгийн гол нь сайн эхлэл хэрэгтэй юм.
Тиймээс төрд бугшсан авлига, албан тушаалаа ашиглан төрийн өмчид гар дүрж буй хэргүүд, мэргэжлийн судалгаагүйгээр мэргэжлийн бус дарга нар төсвийн мөнгийг хайр гамгүй зарцуулж буй явдлууд, татварын мөнгийг үрэн таранхийж буй тансаглалууд зэрэг элдэв муу хогнуудыг цэвэрлэх шаардлага тулгараад байна.
Үүнийг хэн хийх вэ. Улстөрчид л өөрсдөө хийнэ. Үүнд олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн оролцоо, хяналт чухал. Гэвч эцсийн эцэст эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй шударга улстөрчид иргэний эр зориг гаргаж энэ хогийг цэвэрлэлцэж, улс орон бүрт олдоод байдаггүй алтан боломжуудыг зөв зүйтэй, үр днтэй ашиглаж чадна.
Эс бөгөөс Чингис бонд, Самурай бондын мөнгө гарын салаагаар урсан одож ирэх намар гэхэд бүх юм бахь байдгаараа, долларын ханшийн өсөлтөөс улбаатай хямралтайгаа, түгжрэлтэйгээ, агаарын бохирдол цэцэрлэгийн гадаа хонож өнжих дугаарлалттайгаа бид золгоно.
Нөгөө хоёр хөршийн, найрсаг удирдагч нарын тусламж, гэрээ хэлцэл хаачсан яасан ийсэн гээд л хэвлэлээр хэрэлдэж, жиргээгээр уралцсан нөхдүүд суух вий. Түүний хойтон сонгууль болж ард түмэн эрх баригчдад дүнг нь тавина.
Ард түмний тарьсан хог нүдэнд үзэгдэж гарт баригдаж, шүүрдэгддэг. Тэгвэл улстөрчдийн нийгэмд тарьсан хог нүднээс далд байж, муу муухай нян үржүүлж цэвэрлэж шүүрдэхэд тун хэцүү байдаг.Тиймээс одоо ард түмэн бус улстөрчдийн хогоо цэвэрлэх цаг болжээ.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ