Скандал: Топ модель Э.Одгэрэл

Скандал булан топ модель Э.Одгэрэлийг онцоллоо. “Гранд” сэтгүүлийн уншигчдын тэсэн ядан хүлээдэг булангийн нэг “Гранд амьдрал”-д түүний хөрөг нийтлэл гарч байсан юм. Он цаг улирах тусам үнэ цэнээ алдахгүй бриллиант мэт гялалзаж эрхэмсэг оршиж буйн хатагтайн амьдрал, замнал ийм буюу.

Од шүүрсэн онцгой амьдралын түүх

“Гранд амьдрал” булангийн энэ удаагийн зочноор топ модель Э.Одгэрэл уригдлаа. Амьдрал гэдэг гайхамшигтай баян, түүний эзэн нь, залуурдагч нь хүн өөрөө байдгийн хамгийн тод жишээ бол энэ бүсгүйнх гэж болно. Түүнийх шиг амьдралын намтар түүх төдий л элбэг байдаггүй. Эгэл жирийн гэр хороололд төрж өсөөд, угаагчаас топ модель, нэр алдартай, үнэ хүндтэй гоо үзэсгэлэнгийн билэг тэмдэг болсон мөнхийн залуу хатагтайн од шүүрсэн хувь тавилан, онцгой амьдралын хэв маягаар хэсэг аялцгаая.

Э.Одгэрэл микрт бага насаа өнгөрүүлсэн, 7 хүүхэдтэй өнөр бүлийн отгон охин. Багадаа бүжиглэх дуртай, хичээлдээ явах дургүй охин байснаа нэгэнтээ дурссан удаатай. Дунд сургуулиа дүүргэчихээд тухайн үеийнхний нийтлэг жишгээр ажилчин ангийн эгнээнд тэр шилжив. Ер нь ажиглахад алтан үеийн мисс, загвар өмсөгчдийн ихэнх нь ажилчны эгнээнээс алдрын оргил өөд алхсан байдаг.

Хавдар судлалын эмнэлэгт угаагчаар ажиллаж ажил амьдралын гараагаа эхлүүлсэн ирээдүйн топ модель хорьтойдоо үсчин гоо засалчдын тэмцээнд манеканаар уригдсан нь нэр алдар, амжилт карьерынх нь эхлэл байсныг залуу бүсгүй яахин мэдэх билээ. Түүнийг нүүрээ будуулаад зогсож байхад Монголын загварын загалмайлсан эцэг гэгддэг Б.Түвшин агсан олж харан, Шилмэл загварын ордонд хүрч ирж уулзах урилга өгөв.

Хэд хоногийн дараа болзсон газраа очсоноор Э.Одгэрэл эргэлт буцалтгүй загвар хэмээх их айлд хөл тавьсан түүхтэй. Удаа ч үгүй “Монголын сайхан бүсгүй-90” буюу сайхан бүсгүй шалгаруулах 2 дахь удаагийн тэмцээн зохиогдож, захирал Б.Дунгаамаа хатагтайн шахалт, “тушаал”-аар тэрээр оролцож, дэд байр эзлэв.

Миссийн мөнгөн эрдэнийн титэм зүүж байхдаа Э.Одгэрэл хэдийнэ хадамд гарсан байв. Түүний нөхөр, хайртай ганц охиных нь аав Монголын анхны сэтгэл судлаач Санжжав агсаны хүү С.Энхболд хэмээх эрхэм байв. Байв гэсний учир нь тэрээр золгүй явдлын улмаас амиа алдаж, тэнгэрт хальсан билээ.

Э.Одгэрэл хатагтайг загварын карьер хөөж, нэр алдар нь мандаж эхэлсэн цагаас хосуудын дунд том зөрчил үүсч, улмаар хамтын амьдралдаа цэг тавихад хүрсэн гэдэг. Арга ч үгүй биз ээ, царай зүс, бие хаа гоо үзэсгэлэнт гэргийг нь хоргоох харчуудын харц, орой үдшийн цагаар ихэвчлэн ажиллах хөнгөн хийсвэр гэргийнх нь ажлын онцлог сэхээтэн гэр бүлд төрж өссөн сэтгэл судлаач эрд таалагдаагүй нь лав.

Гэргийгээсээ салахдаа охиноо өөр дээрээ авч үлдсэн ноён С.Энхболд ганц охиноо чам шиг хүн болгохгүй хэмээн омогдож байсан гэдэг. Гэвч дунд сургуульд орсныхоо дараа охин нь ээж дээрээ хүмүүжих болсон бөгөөд өдгөө хойно их сургуульд суралцаж байгаа.

Топ моделийн талийгч нөхрийн тухайд охиныхоо ээжээс салсанаас хойш дахин амьдрал зохиогоогүй бөгөөд эцгийнхээ үлдээсэн Монголын анхны сэтгэлзүйн дээд сургууль болох “Оргил”-ыг нэг хэсэг удирдаж байгаад сургууль нь хаагдаж, өөрөө дунд сургуульд багшаар ажиллах болсон. Амьдралынхаа сүүлийн жилүүдийг бор дарсанд дурлаж, тун ч гундуухан өнгөрүүлсэн ноён С.Энхболд угсаа гарал сайтай, хөрөнгө мөнгөөр ч дутагдах юмгүй өссөн гэдэг.

Харамсалтай нь ганц бие эр хүний амьдрал гэрэл гэгээтэй зүйлээр хомсхон байдгийн жишээ болж идэр залуухан насандаа энэ ертөнцөөс буцсан нь харамсалтай. Тэрээр топ моделиос насны хувьд нэлээн ах байсан бөгөөд охиныхоо ээжтэй 10 жил хамт амьдарсан. Хуримаа хоёрхон өдрийн дотор бэлдэж, хуримын өмсгөлөө хүнээс зээлж авч өмсөж байсан гээд тэдний хамтын амьдралын залуу, гэгээн, гуниггүй дурсамжууд олон.

Загвараас өөр сонголт хийхийг хэд хэдэн удаа сануулсан нөхрийнхөө шаардлагыг хүлээж авахгүйгээр зөвхөн өөрийнхөөрөө сонголт хийж, хувь заяагаа өөрөө залуурдсан хатагтай Э.Одгэрэл төдий олон зүйлийг золиослон байж эдүгээгийн амжилт, амьдралын түүхээ бичсэн нь гашуун үнэн юм.

Амьдрал, цаг хугацаа хэмээх байгалийн хатуу хуулийг хүртэл сөрж чадсан энэ хүчирхэг эмэгтэй элдвийн хэл амыг үл хайхран тэргүүн гэдгэр, үзэсгэлэн төгөлдөр амьдарч явна. Энэ зөвхөн Э.Одгэрэлийн л туулж чадах амьдрал юм.

Охиныхоо ааваас хойш мөн л хамтын амьдрал зохиогоогүй түүнийг АПУ-гийн Л.Батжав ноёнтноос авахуулаад олны танил олон эрчүүдтэй нэр холбон бичдэг ч тэр хариулт өгч байсангүй. Магадгүй нэгэн цагт тэр өөрийнхөө туулсан амьдралаар ном бичвэл бестселлэр болох биз ээ.

Ингээд олныг үл нуршин 20 жилийн өмнө буюу 1991 онд дэд миссийн титэм зүүснийх нь дараа сэтгүүлч С.Цэрэндоржийн бичсэн нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.

ХАЙРЛАЖ ЯВААРАЙ

Долдугаар сарын наран доорхи Хятад орон яг л жигнүүр дотор орчихвол ийм байх болов уу гэж бодмоор доо. Сайхны хувьд ярих юмгүй. Хүүхнүүд нь нүдэнд дулаахан, булбарай гэмээр юм уу даа. Нэг л өвөрмөц гэж Одгэрэл ярина.

-За, хятад бүсгүйчүүдийн талаар ийм сэтгэгдэл төржээ. Харин өнгөрсөн жил өөрийг тань Болгар улсад болсон гоо засалчдын олон улсын тэмцээнд оролцсон тухай сонссон. Тэндэхийн хүүхнүүд манай ази бүсгүйчүүдтэй харьцуулбал нэг сонин дүр зураг тодрох юм биш биз дээ.


-Тэмцээнийхээ хувь заяаны төлөө санаа зовоод зав муутайхан байсан. Гэхдээ хүмүүсийг анзаарч явсан. Тэднийг бидэнтэй зүйрлэвэл галтай, хөгжилтэй, сэргэлэн хүмүүс юм шиг санагдсан. Хүн болгон адилгүй ч бид чинь жаахан бүрэгдүү улс юм даа.

Одгэрэл бид 2 ийнхүү ярилцаж зогсоно. Нэлээн эртний бололтой алчуур зангидсан хүүхний зурагтай хуучин хийцийн том ваар бидний яриаг сонсох шиг ч эсвэл яриаг маань өөртөө бичиж авч байх шиг санагдана.


-Бид жаахан бүрэгдүү улс гэж чи сая ярилаа. Энэ маань ер нь ямархуу зан гэж чи боддог вэ?


-Нэг их дэмжмээр зан биш. Монгол хүний цэвэр ичимтгий зан энэ хоёрт зааг ялгаа бий.


-Сэтгүүлчийн хувьд гоо бүсгүйн тэмцээнд оролцсон охид та нарыг бүрэг зангийн зааг шугамыг давж гарсан зоригтой шийдэмгий ч гэмээр улс гэж боддог?


За яахав, тийм л байх даа. Тэхдээ тэмцээнд оролцсоны дараа бүр сүүлд нь бодож байхад энэ тэмцээнд орсондоо яагаад юм ч юм нэг их бахархах сэтгэл надад л лав төрдөггүй. Тэмцээний өдрүүдэд хүндхэн байсан. Одоо ч ялгаагүй. Өмнөхөөс өөр бэрхшээл тулгарах боллоо. Гудамжинд зүгээр нэг явахад хэцүү. Сахилгагүй залуучууд хоргооно. Бас үг хэлээр шоглоно. Хүмүүсийн сониуч харц байнга чиглээд байх нь төвөгтэй юм шиг байдаг даа.


-Тэмцээнд оролцох үедээ ихэвчлэн юун тухай бодож байна даа?

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ