Улстөрчдөд өгөх вазари үнэлгээ

Цэцэрлэгийн багш гэдэг бол боловсролын салбарын хамгийн хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг мэргэжил. Сүүлийн жилүүдэд цэцэрлэг олдохгүй байгаатай адил цэцэрлэгийн багш цөөрч байна. Аргагүй дээ цалин багатай, төрөөс анхаарах нь бага, ажлын ачааллаас болдог уу яадаг вэ вэ сав л хийвэл шүүх танхимд бяцхан жаалуудтайгаа хохирогч хохироогч болон зогсох нь энүүхэнд болсон ажил.
Хамгийн сүүлийн жишээ татахад л Хан-Уул дүүргийн нэгэн цэцэрлэгийн багш хүүхдийнхээ гар, хөлийг скочдсон гэх асуудалд хутгалдаж одоо нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандахаар болж гэнэ.
Цэцэрлэг барих ёстой гэдгийг л эрх баригчдад сануулаад байгаа юм. Цэцэрлэг барьсан улстөрч иргэдээс хамгийн өндөр үнэлгээ жүдогоор бол иппон, вазариг цуглуулах нь байна. Гэтэл үүнийг ойлгодог улстөрч төрд ховор байх шиг.
Цэцэрлэг барьснаар өөрт унах ашиг байхгүй л гэж тэр байх л даа. Уг нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт “ажилтай, орлоготой монгол хүн” гээд л цэцэрлэг гэдэг үгтэй холбогдохгүй үг ховор доо. Цэцэрлэг хүрэлцээтэй болвол монголчууд, гэр бүлүүд ажил, орлого нэмэгдэж тэр чинээгээрээ Монгол Улсад нэмэртэй.
Энэ жилд л гэхэд даруй арваад цэцэрлэг босгочих мөнгийг эрх баригчид огт хэрэггүй биш хэдий ч дараагийн ээлжийн асуудалд зарцуулчих юм. Цагдаагийн албан хаагчдын дүрэмт хувцас төдөн зуун сая, сурагчдын шинэ дүрэмт хувцас төдөн зуун сая, хэвлэлүүдтэй хийх хаалтын гэрээний мөнгө төдөн зуун сая, хогны ногоон уут төдөн тэрбум гээд явж өгнө.
Боловсролын салбарт олон шинэчлэл хийж байгаа хэдий ч хүүхдээ цэцэрлэгт оруулах гэсэн эцэг эхчүүд 72 цагаар цэцэрлэгийн гадаа майхан барьж дугаарлаж хонох нь хэвээрээ.
УИХ-ын гишүүдээс энэ дөрвөн жилийнхээ хугацаанд тойрогтоо цэцэрлэг барьсан гишүүн байна уу гэж хэвлэлүүд асуух хэрэгтэй. Сая есдүгээр сарын 01-нд УИХ-ын гишүүдээс ганцхан нь тойрогтоо барьж босгож буй цэцэрлэгийн барилгатай танилцаж байх юм. Бусад нь хаачсан юм болоо.
Хичээлийн шинэ жил эхэлж байна, манай тойрогт өнгөрсөн намраас юу нь илүү сайжрав гэж эх орончоор бодох гишүүн нэгээс илүү гарахгүй байна гэж үү. Сэтгүүлч Г.Дашрэнцэнгийн хэлсэн "Зуун цэцэрлэг барих хөрөнгөөр зунжингаа наадлаа даа" гэдэг үнэн бөгөөд гашуун үгийг дахин сануулмаар.
Үндэсний бөхийн аварга, арслан, гарьд, заанууддаа орон нутгийн зөвлөлөөс нь бараг нэг цэцэрлэгийн мөнгө тавиад туучихна. Ажил хийж орлого олж чадахгүй гэртээ хүүхдээ харж байгаа олон иргэд бол бүгд сонгогчид. Тэд л улстөрчдөд үнэлгээ өгнө.
Цэцэрлэг барьсан улстөрч дараагийн сонгуульд айлтгүй ээ гэж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ