“Тендер Түмээ”-г “яс” Ч.Мөнхдэлгэр залгажээ

ЭМЯ-ны зарим мэргэжилтэн бөхчүүд шиг цолтой болжээ. Хамгийн алдартай нь буюу аварга нь мэдээж “тендер” хэмээх Н.Түмэндэмбэрэл юм.

Монгол Улсын гавьяат тамирчин, Барселоны Олимпийн хүрэл медальт, боксчин Н.Баярсайханы төрсөн ах тэрбээр тендерээс тэрбум гаруй төгрөг зувчуулсан гэдэг ч шалгагддаггүй нэгэн.

Түүний араас гарч ирсэн эрхэм бол “яс” хочтой Ч.Мөнхдэлгэр ажээ. Бөхөөр бол гарьд юм уу даа. Энэ хоёрын завсарт бөхөөр жишихэд арслан гэхээр, “тусгай ”/тусгай зөвшөөрлөөр тоглосон/ хочит нэгэн сайд бий. Түүний талаар саяхан шуугиад өнгөрсөн билээ. Харин “яс”-ын талаар өнөөдөр ид шуугиж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар эм, эмнэлгийн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг саяхан шалгажээ.

Тэгэхдээ бүгдийг бус, зөвхөн 2010-2012 онд тусгай зөвшөөрөл авсан байгууллагыг гэж байгаа. Хамгийн хачин нь үүнд л байгаа юм. Төлөвлөсөн шалгалт бол бүхнийг хамрах ёстой. Тэгтэл яагаад ингэж туйлшрав гэдэг асуулт гараад буйд учир нь оршино.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсээс хийсэн шалгалтад эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, биоидэвхт бодис нийлүүлэх, үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрөлтэй дал гаруй байгууллага хамрагджээ. Тэдний гучаад нь чиг үүргийн дагуу ажилладаггүй аж. Дөч гаруй нь зориулалтын байргүй, стандарт хэрэгжүүлдэггүй, бүтээгдэхүүний чанар, хадгалалтын горим алдагдсан, хяналтгүй гэсэн үзүүлэлттэй гарчээ.

Иймээс хориод байгууллагын тусгай зөвшөөрлийг хурааж, аж ахуйн 24 нэгжийнхийг гурван сарын хугацаатай түдгэлзүүлсэн байна. Чухам яагаад 2010-2012 онд тусгай зөвшөөрөл авсан байгууллагыг шалгасныг “яс”-аас асуусан хэн ч хариу эс авах нь мэдээж. Эм ханган нийлүүлэх газруудыг шалгахад гарсан тэр жилийн томоохон зөрчлүүдийг ч тэрбээр хав дараад өнгөрөөсөн гэх юм билээ.

Хэвлэлийнхэнд хэзээ ч үг алддаггүй гэх эл нөхөр чухам юуг нь нуудаг юм бол? Дээрх оныг ажихад сайд асан, одоо ор сураггүй болсон, “тусгай” хочит Н.Хүрэлбаатарын ажиллаж байсан жилүүд таараад байгаа нь сонин. Ч.Мөнхдэлгэр дээрх шалгалтыг “МХЕГ-ын мэргэжилтнүүдтэй хамтарч хийсэн” гэх ганц өгүүлбэр хэлдэг ч, тэд үгүйсгэдэг юм билээ. “Яс”-ын ард хар төрүүлсэн ямар нэгэн хачин “но” байх нь ч байна аа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ