River stone хорооллын удирдлагууд гурван оюутны аминд хүрлээ


Нарны гүүрний баруун урд талд баригдаж байгаа “River stone” орон сууцны хороолол дээр ажиллаж байсан гурван ажилтан өчигдөр өглөөний 11.00 цагийн үед унаж, харамсалтайгаар амь насаа алдсан.
Барилга дээр ажиллах ямар ч мэргэжил, дадал байхгүй оюутнуудыг түр туслах ажилтнаар авч ажиллуулахдаа багаж хэрэгсэл байтугай заавар зөвлөгөөгөөр ч хангалгүй ажиллуулж байсан компанийн удирдлагууд ийнхүү гурван хүний амь насны хэрэгт орох нь тодорхой болоод байна.
Барилга байшин барьж, өндөр үнээр борлуулж л байвал болоо хэмээсэн мэт ажилд ороод хоёрхон хоносон залуусыг 10 давхрын өндөрт дүүжин шатанд гаргаж амийг нь хохироосон компанийн талаар дараахь мэдээллүүдийг хүргэж байна.
Уг орон сууцны хорооллыг "S DEVELOPMENT” ХХК-ийн захиалгаар "Бо Бэ констракшн" гүйцэтгэж байжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр тус барилга дээр ажиллаж байсан ажилчид хөдөлмөр хамгааллын наад захын багаж хэрэгслээр хангагддаггүй, тэдэнд зааварчилгаа өгөх хөдөлмөр хамгааллын инженер ч байдаггүй гэдгийг хэлж байна.
Осол гарах үед талийгаачид барилгын гадна талын өнгөлгөөний засварын ажил хийн дүүжин шатаар явж байсан гэнэ.
Гэтэл дүүжин шатны бэхэлгээ тасарч талийгаачид найман давхараас доош унажээ. Тэдний хоёр нь газар дээрээ нас барсан бол, нэг нь ГССҮТ-д очсон ч бэртлээ даагаагүй нас барсан байна.
Амиа алдсан залуусын нэг нь Их засаг их сургуулийн 4-р курсын оюутан юм байна. Тэрбээр хичээл нь хожуу эхлэх байсан тул сургалтынхаа төлбөрт нэмэр болох хэдэн төгрөг олон зорилготойгоор уг барилга дээр ажиллаж байжээ.
Эмнэлэгт хүргэгдээд нас барсан залуугийн хувьд гурван хөвгүүнтэй айлын бага нь юм байна. Түүний хувьд дээд давхраас унасны дараагаар амьд байсан бөгөөд “ах руу минь яриад өгөөч” гээд утасных нь дугаарыг хүртэл өгч байжээ.
Гэвч тэрбээр бэртлээ дийлэхгүй эмнэлэг хүрэх замдаа өөд болсон юм. Харин захиалагч болоод захиалгаар орон сууц барьж байсан компанийн хувьд уг мэдээллийг хав дарж ажилчдадаа ч хэлээгүй байсныг эх сурвалжууд онцоллоо.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өгч байгаа мэдээллээр тус барилгын үйл ажиллагааг өнгөрөгч дөрөвдүгээр сараас зогсоож, цахилгааныг нь таслаад байсан байна.
Ослын талаар “S development” компанийн эрсдлийн удирдлага хариуцсан мэргэжилтэн Э.Сүнжидмаа “Манайх захиалагч компани. Энэхүү барилгыг “"Бо Бэ констракшн"” компани барьж байсан. Хуулийн байгууллага шалгаж байгаа болохоор бид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ