Фортуна Н.Батбаярыг золигт гаргах уу

Өчигдөр Ерөнхий сайд дуулиантай мэдэгдэл хийж Засгийн газарт сэлгээ хийх тухайгаа зарлалаа. Түүний мэдэгдэлд дурдсан хоёр зүйл олны анхаарлыг маш их татсан нь нэгдүгээрт зарим сайд нарыг солих, хоёрдугаарт Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулна гэсэн үгс байсан юм.
Шинэчлэлийн Засгийн газрын хувь заяанд сүүлийн нэг жилийн турш ихэд санаа зовсон монголчуудын хувьд энэ нь загатнасан газар маажсан мэт баярт мэдээ байв. Эндээс хэн гэдэг сайд сэтэртэнийг Н.Алтанхуяг танхимаасаа хөөх вэ гэсэн асуулт зүй ёсоор ургана.
Хариулт нь ч ойлгомжтой шахуу. Э.Бат-Үүлийн галзуугаар нь дуудсан хэдэн нөхөд Н.Алтанхуягийн мэдэгдлийг "Фортуна" Н.Батбаярын огцрох мэдэгдэл мэтээр хүлээж авч жиргэцгээж байгааг харахад л ойлгомжтой.
Үнэндээ энэ Засгийн газарт хамгийн тааруухан ажилласан сайд бол Н.Батбаяр мөнөөсөө мөн. Өнөөх олон бондуудыг олон улсын санхүүгийн зах зээлээс босгоход гол дүрд нь оролцож монголчуудыг хэсэг мөнгөнд умбуулсан ч харамсалтай нь гарын салаагаар нь урсан алга болсныг тэр анзаараагүй л явсан.
Юу гэх гээд байна вэ гэвэл Н.Батбаярт гавьяа ч бий, гай ч бий. Гэхдээ энэ удаа түүний гавьяа, гай хоёрыг, Н.Алтанхуягийн Засгаас хөөхөөр онилсон сайд мөн эсэхийг түр орхиж нэг л зүйл дээр өмөөрмөөр санагдсан юм.
Н.Батбаяр нь Н.Алтанхуягийн сайд нараас хамгийн их адлагдсантайгаа адилхан шашин шүтлэгээсээ болж маш их доромжлол хүлээсэн нэгэн. Тэрээр Монголын уламжлалт шүтлэг болох бөө мөргөлтөн гэдгээрээ цоллогдон сүүлийн жилүүдэд олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн бай болж байсан нь харамсалтай.
Ардчилсан нийгэмтэй ямар ч улсад аливаа хүнийг шашин шүтлэгээр нь гадуурхан ажил үйлстэй нь холбон егөөдөх нь зохисгүй хэрэгт тооцогддог. Ингэх нь арьс өнгөний үзлээс тун ч ялгаагүй бөгөөд хүн дурын шүтлэгт итгэж бишрэх эрхтэй юм.
Тэгвэл Н.Батбаярын хувьд бөө байх, бөө мөргөлтөн байх нь түүний Эдийн засгийн хөгжлийн сайд байх ажил албатай ямар ч хамаагүй бөгөөд тэрээр христ шүтлэгтэн байсан ч түүнийг мөн л ингэж доромжлох байсан уу гэдэг нь сонирхол татам.
Түүнийг явчихвал Н.Алтанхуягийн кабинетийг бөөгүй танхим гэх болов уу монголчууд.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ