Цэцэрлэгийн ажилчид халдвар тараасан байж болзошгүй
Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар Ханбогд сумын 21 дүгээр цэцэрлэгийн урд салбарын хүнсний 20 төрлийн түүхий эд, хоолны зургаа, цэцэрлэгийн ундны усны таван дээж, орчны 40 ширхэг арчдас, ариутгал хийсэн бодисонд шинжилгээ хийлээ.
Усны таван дээжинд шинжилгээ хийхэд нянгийн бохирдол ихтэй, шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарлаа. 40 арчдасны 26-гаас, хоолны зургаан дээжний тавд нь гэдэсний бүлгийн савханцар илэрсэн байна. Мөн цэцэрлэгт халдваргүйтгэл хийсэн гэх хлорамины уусмал нь байх ёстой хэмжээндээ хүрээгүй буюу 67 хувиар бага байсан нь халдваргүйтгэлийг оромдсон гэсэн үг юм.
Цэцэрлэгийн 49 ажилчныг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 14-өөс нь халдварт өвчний нян илэрлээ. Ажилчдаас халдвар тархаж хүүхдүүд өвчилсөн байх магадлал байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх хүн эрүүл мэндийн үзлэгт орсон, эрүүл гэсэн ч танил талаараа дамжуулж тамга, тэмдэг даруулсан байж болзошгүй.
Иймээс Мэргэжлийн хяналтынхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүртгэлийн дэвтэрт тулгалт хийн тухайн хүмүүс үзлэгт орсон эсэхийг нягталж эхэллээ. Ханбогд сумын хөрс, ундны усанд МХЕГ-ын төв лабораторид шинжилж байна. Баян-Өлгий аймагт дотуур байрны хүүхдүүд юунаас болж хордсоныг тогтоох шинжилгээний дүн өнөөдөртөө багтаж гарна хэмээн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын цахим хуудаснаа мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ